Завхан аймгийн онцгой байдлын албан хаагчид “ТҮЦ”-ийн дайтай муурын байшинд оржээ
Завхан аймгийн онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн зургадугаар сараас эхлэн майхан, гэрт байрлаж байгаад саяхнаас “ТҮЦ”-ийн дайтай муурын байшинд оржээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Завханы онцгойгийн байрыг үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурж унах аюултай байна гэсэн акт гарсан учраас майхнаас гэрт, гэрээс муурын байшинд байрлах болжээ. Өдгөө тэд гал унтраагч автомашиныхаа гарааш дотор гурван тасалгаа бүхий байр барьчихаж. Шадар сайдын дэмжлэгтэйгээр төсөв батлах үеэр байраа барихаар улсын төсөвт нэг тэрбум төгрөг суулгаж чадсан тухай хэлтсийн дарга Ө.Болд онцоллоо.
Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн онд тус аймагт ажиллахдаа Тосонцэнгэл дэх сумын гал унтраах анги болоод Отгон сумын Засаг даргын Тамгын газарт тус бүр машин шийдэж өгсөнд баярлаж буйгаа тэд илэрхийлсэн.
Харин онцгой байдлын албан хаагчдын зүгээс сайддаа “Бидний 95 хувь нь гэр хороололд амьдардаг. Байр орон сууц авъя гэхээр мөнгө нь алга.Төрийн албан хаагчдыг урьдчилгаа төлбөргүйгээр байртай болгох боломж байна уу. Бид ажлаа хийж байгаад урьдчилгаагаа төлье” гэсэн санал хэлэхэд Д.Тэрбишдагва аймгийн орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах ёстой. Засгийн газрын хэмжээнд ч гэсэн ярих ёстой гэсэн юм.