Шадар сайд Д.Тэрбишдагва Завхан аймагт
2014.03.05

Орон нутгийн онцгой албаны барилгууд цууралт өгч, алба хаагчдын ажиллах нөхцөл хүндхэн байна

Завхан аймгийн онцгой байдлын алба үйл ажиллагаагаа хэвийн явуулах байрны асуудал хүндрэлтэй байна.

Гамшгаас хамгаалах талаар төрөөс нилээд анхаарч тодорхой бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсний үр дүнд орон нутгийн онцгой байдлын алба хүн хүч, техникийн хувьд нилээд бэхжсэн.

Харин үйл ажиллагаа явуулж байгаа байрны асуудал Завхан, Увс аймгуудад хүндхэн байна. Анх баригдсанаас хойш засвар хийгдээгүй орон нутгийн онцгой албаны барилгууд ханаараа цууралт өгч, алба хаагчдын ажиллах нөхцөл нилээд хүндхэн байгааг Шадар сайд Д.Тэрбишдагва хөдөө орон нутгаар ажиллах үеэр хэллээ.  

Завхан аймгийн онцгой байдлын хэлтэс өнгөрсөн жил 103 удаагийн аюулт үзэгдэл техникийн холбогдолтой дуудлага авч, 28 хүний амь насыг аварч, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нэг тэрбум, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Байнгын бэлэн байдлын үүрэг хүлээсэн орон нутгийн онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарах цаг болсныг, олон жил болсон байрандаа шахалдан ажил үүргээ гүйцэтгэж байгаа Увс, Завхан аймгийн жишээ харуулж байна.