Хан-Уул дүүргийн иргэд долоон байршилд газар өмчилж, 50 мянган хүн ажилтай болно
УИХ-ын гишүүн Л.Болд
2014.03.05

Хан-Уул дүүргийн иргэд долоон байршилд газар өмчилж, 50 мянган хүн ажилтай болно

Нийслэлд газар олголт сүүлийн хоёр жилийн хугацаанд зогсоод байсан. Харин энэ хавар иргэдээс газар хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхээр болоод байгаа.

УИХ- ын гишүүн Л.Болдын санаачилгаар “Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул” уулзалт өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны сайд Л .Болд, Хотын дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцож газар олголт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалт тойрсон асуудлаар иргэдэд мэдээлэл өгөв. Хан- Уул дүүргийн оршин суугчдын 40 орчим хувь нь Нисэх, Яармаг зэрэг алслагдсан хороодод амьдардаг байна.

Уулзалтад Өлзийт хороолол, Шувуун фабрик, Биокомбинатын оршин суугчид хүрэлцэн ирсэн байлаа.

- Гадаад харилцааны сайд Л.Болд “УИХ-ын намрын чуулганаар бие даасан 12 хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан 81 хууль баталсан. Хүмүүсийн анхаарлыг татсан Хөрөнгө оруулалтын хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль зэрэг хуулиуд гарсан нь манай улсад томоохон шинэчлэл болж иргэдэд үр өгөөжтэй ажил болсон. Өнгөрсөн хугацаанд орон сууц, сургалтын төлбөр, ажлын байрны асуудлаар иргэдээс 683 өргөдөл ирсний 65 хувийг бүрэн шийдвэрлэсэн.

Засгийн газрын төвшинд Хан- Уул дүүрэгтэй холбоотой олон нааштай асуудал шийдвэрлэгдлээ.

Засгийн газрын төвшинд Хан- Уул дүүрэгтэй холбоотой олон нааштай асуудал шийдвэрлэгдлээ. Тухайлбал “Буянт-Ухаа-1” орон сууцны эхний ээлжийг ашиглалтад орууллаа. Мөн “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхон барихаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд 52 мянган ажлын байр бий болгосон бол энэ онд 50 мянган ажлын байр бий болгохоор зорьж байгаа.

Жилийн найман хувийн хүүтэй зээлд иргэдийг хамруулж байгаа нь тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн чухал алхам боллоо. Зам дагаж хөгжил гэдэг. Өнгөрсөн намар Нисэх-Биокомбинат- Шувуун фабрик чиглэлд 22.9 километр авто замыг ашиглалтад оруулсан зэрэг олон зүйл байгаа” гэлээ.

Иргэд хэрхэн яаж газар өмчлөх, дахин төлөвлөлтөд багтсан бүсэд амьдарч байгаа бол газраа хэрхэн үнэлэх зэрэг өөрсдийн тулгамдсан асуудлаар холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан. Хан-Уул дүүрэгт 10,12,13,14дүгээр хороодод газар өмчлүүлэх байршлыг заажээ.

Үүнд Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэр, Туул тосгоны урд хэсэг, Хапитатын амины орон сууцны хойд талд, Биокомбинатын зүүн урд хөндий, долдугаар хэсгийн задгай зэрэг 2590.0 га газрыг 2000 гаруй иргэнд өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ уулзалтыг УИХ- ын гишүүн Л.Болдын бие төлөөлөгчийн газар зохион байгуулсан юм.