Ховдынхон гишүүндээ аминчлан захисан үгс
УИХ- ын гишүүн, МАН-ын булгийн дарга С.Бямбацогт
2014.03.04

Ховдынхон гишүүндээ аминчлан захисан үгс

УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ард Аюушаас улбаатай Ховдын дайчин хязгаар нутгаас УИХ- ын гишүүн, МАН-ын булгийн дарга С.Бямбацогт болон МҮАН-ын гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт гэх баз хүргэд сонгогдсон.

Хорин хоёр жилийн тэртээ ардчилсан хувьсгалын салхийг нийслэлтэй нэгэн зэрэг сэвэлзүүлсэн Ховдын хязгаар нутгийнхан улаан талдаа явж ирсэн юм.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын залуу гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар нэр дэвшсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд том улс төрд асар түргэн хөлөө олсон гэж хэлж болно. Парламентад анх сонгогдсон залуухан гишүүнийг олон улирсан хашир ах нар нь “айлгах” гэж оролддог нэг хэцүү үе бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх хугацааныхаа талыг туулсан түүнд тойргийнх нь сонгогчид харин ямар дүн тавьж буйг нутагт нь очиж сонирхож амжсан юм.

 Д.Цээпил: Ховдчууд бүсийн оношилгооны төвтэй болсон

 /Бүсийн оношилгооны төвийн тасгийн эрхлэгч/:

Манай эрүүл мэндийн салбарын тухайд УИХ-ын гишүүнийхээ хичээл зүтгэлийн үр дүнд бүсийн оношилгооны төвтэй болж, ховдчууд өвчнөө оношлуулахаар нийслэлийг зорих шаардлагагүй болсон.

 -Ховд нутагт сайхан хавар болж байна. Зон олны сэтгэл ч ирж байгаа цаг шигээ тайван сайхан байна даа. Ийн амар амгалан байхын учир хэмээвээс Ховд аймаг өнгөрсөн могой жилд бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлээрээ улсад тэргүүллээ. Үүнд хүн бүхний оролцоо бий гэж би хувьдаа бодож байна. Манай эрүүл мэндийн салбарын тухайд УИХ-ын гишүүнийхээ хичээл зүтгэлийн үр дүнд бүсийн оношилгооны төвтэй болж, ховдчууд өвчнөө оношлуулахаар нийслэлийг зорих шаардлагагүй болсон.

Саяхан С.Бямбацогт гишүүн ирээд буцсан. Аймгийн төвд хэдхэн хоног ажиллахдаа их олон хүнтэй уулзаж, сонгогч олны санаа сэтгэл, хүсэлтийг сонссон байх. Жаргалант багийн иргэдтэй уулзаж байх үеэр би тэнд байж таарсан. Гомдсон, туньсан сонгогч нэг ч байгаагүй. Бүгд л илүү ихийг хийхийг захиж байна билээ. Тиймээс биднийг төлөөлж төрд суугаа эрхэм гишүүнээ сайн ажиллаж байгаа учраас ард түмний сэтгэл өндөр байгаа юм гэж дүгнэж суугаа шүү.

А.Оюунгэрэл: Эмэгтэйчүүдийг дэмжвэл сайн байна

-Би эрхэм төрийн түшээдээ ингэж л захимаар байна даа. Бид нэг үеийнх. Тиймээс залуу хүний хувьд арай илүү холыг харсан бодлогоор биднийгээ залж яваасай гэж боддог. Манай аймагт ажилгүй хүн олон бий. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд. Дор бүрнээ амьдралын төлөө зүтгэх тэдэнд төрийн итгэл чухал байна. Зээл тусламж авах гэхээр барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүй тэдэнд төр итгэлийн гараа сунгах хэрэгтэй. Танил талгүй бол ажилд орж чадахгүй байна.

Манай том охин дээд сургууль төгсч ирээд хоёр жил болсон. Хөдөөний малчин надад аймгийн төвд таних хүн алга. Дэмий л хүн амьтнаас сураг тавихаас цаашгүй. Гэхдээ би охиноо зүгээр суулгаагүй. Дээл оёулж сургаад гэрээр захиалга авдаг. Өөрийгөө болгоод л байх юм. Одоо хашаандаа блокоор байшин бариад түүндээ үйлдвэрлэл явуулах санаатай. Багийн Засаг даргад өргөдөл өгсөн. Жижиг дунд үйлдвэрийн хэлтсээс хариу хүлээсээр лав дөрвөн сар болж байгаа.

О.Жаргалсайхан: Баруун бүсийн нэмэгдлийг бий болгох саналаасаа ухарч болохгүй шүү

 -Ховдчуудыг төлөөлж УИХ-д суугаа С.Бямбацогт маань нутаг усныхаа төлөө, намынхаа төлөө үнэхээр зүтгэж байгааг хараад сэтгэл өндөр явдаг даа. Би залуу хүн. Нутаг усандаа тавтай сайхан, орчин цагийн хэв маягаар ажиллаж амьдрахыг хүсдэг. Үүнд маань баруун бүсийн нэмэгдэл бага ч болов нэмэр болох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, ийм хөшүүрэг бий болсноор төвийг чиглэсэн их нүүдэл зогсоно гэж би хувьдаа дүгнэж суугаа.

Өнөөдөр хөдөө орон нутагт ажиллах, нийслэлд ажиллах хоёрт ялгаа их бий. Төвийн улс боломж л гарвал мэддэг, мэргэжлээ дээшлүүлээд байдаг юм билээ. Хөдөөгийн бид тэднээс дандаа хоцорч байдаг. Тэгсэн атлаа эцсийн шийдвэрийг гаргадаг. Тиймээс хөдөөгийн боловсон хүчний бааз суурийг батжуулах тал дээр онцгой анхаараарай гэж гишүүндээ та бүхнээр дамжуулан хэлүүлэх байна даа.