МСS-ээс УИХ-ын гишүүн болсон Л.Энх-Амгалан
Монголын бизнесийн салбарт МСS хэмээх томоохон айл өрхөө татаад даруй 20 орчим жил өнгөрчээ.
Энэ айлын тулгыг нь тулалцаж явсан эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх- Амгалан билээ. Тэрбээр энэ долоо хоногт улс төрийн салбарт хамгийн идэвхитэй байр суурь илэрхийлж, ам.долларын ханшийн тухай хөнжилдөө орох завгүй хүүрнэн ярьж, орондоо орох завгүй оройлон ярьсан хүмүүсийн нэг байсан тул энэ удаагийн “Өдрийн зочин”-д нэр дэвшигчгүйгээр сонгогдов. Түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүүтэйгээр “МСS”-ийн Энх-Амгалан гэдгээр нь андахгүй.
Л.Энх-Амгалан гишүүний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо төрсөн ч аавынхаа төрсөн нутаг Их-Уул сумаар овоглох болжээ. Тэрбээр 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь гэсэн. Л.Энх-Амгалан гишүүний аав нь эхээс 16-уулаа юм байна. Аав нь тээврийн жолооч байсан бол ээж нь сувилагч байжээ. Тэрбээр 1977-1987 онд Мөрөн хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1987-1992 ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийн Олон улсын сэтгүүл зүйн ангийг "Олон улсын сэтгүүлч” мэргэжлээр дүүргэсэн ажээ.
1994 онд “Freedom forum” сангийн шугамаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр АНУ-д найман сар сурах боломж олдсон нь түүний амьдралд эргэлт болжээ. Тэрбээр америкчууд шиг амьдрах ёстой юм байна, эхлээд амьдралаа төвхнүүлж, бизнес хийх хэрэгтэй гэдгийг тэндээс ухаарсан гэдэг. Чингээд “Инфопрэсс” гэж компани байгуулсныхаа дараа 1995 онд “Эм Си Эс” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзаж, хамтран “Интерпресс" компанийг байгуулжээ. Тухайн үед 30 мянган ам.доллартайгаар бизнесээ эхлүүлжээ. Түүний дараа “Эм Си Эс” компанийг үүсгэн байгуулсан.
1980- аад оны сүүлчээс Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц шүлгүүдээрээ танигдан тэр бүү хэл “Хөх зул” хэмээх яруу найргийн номоо Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржоор редакторлуулан уншигчдын хүртээл болгож байсан удаатай.
“Юнител”, “Эм Си Эс электроникс”, “IT zone”, “Эм Си Эс ком”, “Юнивишн” компаниудыг үүсгэн байгуулж, Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн МСS групп-ын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2012 он хүртэл ажилласан билээ. Л.Энх-Амгалан гишүүнийг улстөрч, бизнесмэн гэхээс гадна хүмүүс төдийлөн мэддэггүй яруу найрагч гэдэг алдар нь дагадаг. Түүний хувьд 1980- аад оны сүүлчээс Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц шүлгүүдээрээ танигдан тэр бүү хэл “Хөх зул” хэмээх яруу найргийн номоо Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржоор редакторлуулан уншигчдын хүртээл болгож байсан удаатай.
Хөвсгөл нутгаас Баттөрийн Мягмаржав, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан гэсэн сайхан яруу найрагчид гарч ирэх нь гэж байсан ч Энх-Амгалан гишүүний хувьд бизнесийн салбарт хүч үзэн яруу найргаа тэгсгээд орхисон. Өнөөдөр Монголын нийгэмд ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд эдийн засгийн асуудлууд ундарсаар байна. Эдийн засгийн хүндрэлээс гарахад бизнесийн салбарт олон жил ажилласан төрийн түшээдийн туршлага, мэдлэг, чадвар хэрэгтэй байгаа юм. Л.Энх-Амгалан гишүүний хувьд МСS группыг өнөөдрийн хэмжээнд хөл дээрээ тогтоход гол үүрэгтэй оролцсон гээд бодоход түүнд эдийн засаг, бизнесийн асар том “хүч” нуугдан буй.
Энэ хүчээ төр түмэндээ зориулах хэрэгтэй байгааг зориуд дурдмаар санагдлаа. Өнгөрч буй долоо хоногт ам.долларын ханшийн өсөлтийн талаар ам хуурайгүй телевиз, сонингоор ярьсан ганц хүн нь Амгаа гишүүн. Түүнээс ам.долларын ханшийн өсөлтөөс хэрхэн сэргийлэх, эдийн засгийн бодит үр дүн, өсөлтийн талаарх зөв гаргалгаа хүлээж байлаа. Л.Энх-Амгалан гишүүний хувьд сүүлийн 10 гаруй жил уран зураг цуглуулж байгаа юм.
2008 онд цуглуулгаараа Дүрслэх урлагийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол түүнээс хойш “О” нэртэй галерей нээжээ. Уг галерейд түүний цуглуулсан бүтээлүүдээс гадна монгол зураачдын бүтээлүүдийг дэлгэнэ гэж буй. Ингэснээрээ Монголын үе үеийн шилдэг зураачдын бүтээлийн өв сан бүрдүүлэх зорилгоо биелүүлэх гэнэ.
Тэрбээр хил давуулаад байсан ардын зураач Н.Цүлтэм гуайн “Говийн их нүүдэл” зургийг Солонгосоос өндөр үнээр худалдан авч иржээ. Мөн цаашлаад ч Солонгос, Америкаас өөр зургууд авчрахаар төлөвлөсөн юм байна. Түүний хувьд “Монголын дүрслэх урлагийн түүх” номыг бичиж байгаа юм билээ.
Уг ном нь манай орны соёлын түүх дурсгал болох хадны зургаас эхлээд, Монголын эзэнт гүрний үед монголчууд тухайн үеийн улс, орнуудын соёл урлагт ямар нөлөө үзүүлснийг харуулах зорилготой аж. Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн Орос, Европын сонгодог яруу найрагчдын шүлгийг орчуулж эхэлжээ. Тэднийгээ эмхэтгэх санаатай байгаа гэсэн.
Энх-Амгалан гишүүн хойно сурч байхдаа гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй 1989 онд МоАХ-ны анхдугаар Их Хуралд Орост сурч байсан оюутнуудаа төлөөлөн оролцож, үг хэлж явсан. Тэрхүү МоАХ-ны гишүүний батлах нь одоо ч байдаг гэсэн. Л.Энх-Амгалан гишүүнийг радиогоор үг хэлэхийг сонсоод аав нь төдийлөн ач холбогдол егөөгүй ч Эрдэнэтэд байдаг ах нь манайхнаас “эсэргүү төрлөө” гэж санаагаа чилээж явжээ.
Л.Энх-Амгалан гишүүн хүү охин хоёртой аж. Эхнэр нь харин хуульч мэргэжилтэй юм байна. Тэднийг 1993 онд Сансарт айлын хажуу өрөөнд амьдарч байхад хүү Хасбилэгт нь мэндэлжээ. Анхны хүүд нь яруу найрагч Жамъянгийн Болд-Эрдэнэ ийм нэр хайрласан ажээ.