Хөрөнгө оруулалтын урсгал Монгол руу буцаж эргэлээ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монголын талын төлөөлөл уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулган “PDAC 2014” оролцлоо.
Энэ жилийн хөрөнгө оруулалтын чуулганд дэлхийн 125 орны 25 мянга орчим төлөөлөгчид оролцжээ.
Гурван өдөр үргэлжилсэн чуулганы үеэр Монголын талаарх тусгай хэлэлцүүлэг болж, 50 орчим компанийн төлөөллүүд оролцсон байна. Монголын талаарх тусгай хэлэлцүүлгийг нээж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ "Уул уурхайн салбарт урт хугацааны, ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлсэн" болохыг онцолсон юм. Түүнчлэн Монгол Улс хөрөнгө оруулагчдад өргөн их БОЛОМЖ, улс төр, эдийн засаг, эрх зүйн ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, хөгжил цэцэглэлтийг санал болгож байгаа гэж мэдэгдлээ.
Үүнээс гадна Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фаст хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар Канадын Гадаад Худалдааны сайд Эд Фаст "Хоёр улсын хоорондох гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэлэлцээг цааш улам эрчимжүүлэх хэрэгтэй" гэдгийг онцолсон юм. Үүний хариуд Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Уул уурхайн яам нь хөрөнгө оруулагчдад зориулж тогтвортой хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа" болохыг танилцууллаа.
Монгол Улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байгаа"
Мөн Канад улсын бизнес, эдийн засгийн төв Торонто хотын хөрөнгийн биржийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Монгол Улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байгаа" болохыг танилцуулаа.
Улмаар Монгол улсад Эрдэс баялгийн бирж байгуулахад Торонтогийн хөрөнгийн бирж, Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Ингэснээр Азийн мөнгөний урсгалыг Монголоор дамжуулахын зэрэгцээ Эрдэс Баялгийн бирж байгуулах ажилд Торонтогийн хөрөнгийн бирж техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд хамтарч ажиллах боломж бүрдэх юм.
Нөгөө талаас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа тус биржийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар тус биржид бүртгэлтэй 15 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн онд л гэхэд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн нийт компаниуд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгоны зэрэгцээ 73 компани хөрөнгийн зах зээл дээр анхдагч хувьцаагаа гаргажээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалсан уул уурхайн компаниудын 60 хувь нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг байна.