Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ Тронто хотод танилцуулна
Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг болно
2014.02.27

Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ Тронто хотод танилцуулна

Канадын Торонто хотод ирэх сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлогчдын Холбооноос зохион байгуулдаг Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам, агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно.

80 гаруй жилийн түүхтэй энэ арга хэмжээнд 125 гаруй улс орноос уул уурхай, эдийн засаг улс төр, бизнес, болон бусад салбарын 30.000 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.

Мөн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийнэ.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү чуулга уулзалтын үеэр танилцуулах юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фастт, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай хоёр талын уулзалт хийнэ. Мөн олон улсад уул уурхайн салбарт нэр хүнд бүхий аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байна.