Сайдууд Засаг дарга нартай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа
2014.01.14

Сайдууд Засаг дарга нартай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн ордноо гурав хоногийн турш “номын дуу” сонсч, Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил дэвшүүлж буй бодлого зорилт, төлөвлөгөөний талаар үүрэг чиглэл авсан аймаг, нийслэлийн удирдлагууд Засгийн газрын сайдуудтай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

21 аймгийн Засаг дарга сайд бүртэй байгуулсан энэ гэрээнд Төсвийн тухай хууль болон салбарын хуулиудад тодорхойлж өгсөн орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан байна.

Сайд нартай гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.

БШУ-ны сайд Л.Гантөмөр: Энэ жилийн онцлог бага ангийн хөтөлбөрийг шинэчилнэ. Үүнтэй холбоотой бага ангийн багш нарт хөтөлбөр таниулах сургалтыг бүх шатанд зохион байгуулна. Мөн анхны 12-р ангийг бүрэн утгаар нь хүлээж авч байгаа учир 20 мянган суудлын асуудал гарч байгаа. Тиймээс сургуулийн хүртээмжийг хүүхдүүдийнхээ тоонд тааруулах зайлшгүй шаардлагатай байна. Аль аль талаасаа анхаарч ажиллах зорилт дэвшүүлж байгаа.

Сангийн сайд Ч.Улаан: Энэ жилийн хувьд төсвийг аль болох ард иргэдийн хяналтын дор ил тодоор зохион байгуулсан. Ард түмний хөрөнгөөр бүтсэн төсвийг  ард иргэдэд эрх мэдлийг нь шилжүүлэх ажлыг зүгшрүүлэх том зорилготой ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Аймаг болгон давтагдахгүй гэрээтэй байгаа. Учир нь энэ жилийг эрүүл мэндийн яам “эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Ялангуяа эх хүүхдийн эндэгдэл өндөр байгаа аймгуудыг онцгой анхаарч байгаа.

Эрчим хүчний сайд М.Сономпил: Монгол улсын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй дөрвөн сум байна. Эдгээр сумдыг эрчим хүчтэй холбоно. Мөн эрчим хүчний дутагдалд орж байгаа сумдад өргөтгөх ажил хийгдэнэ. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан аймгуудын дулааны станцыг шинэчлэх ажил энэ жил найман аймагт эхлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Оны эхэнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль  батлагдаж орон нутагт тусгай зөвшөөрлийн  эрх очиж байгаа. Тиймээс орон нутагт сайн ажиллах, аялал жуучлал, хөдөө аж ахуй зэрэг салбарын уялдааг хангаж ажиллаасай гэж хүсч байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга: “Хөдөө орон нутагт чиглэсэн бодлогоо олон жилийн дараа эргэн харж бодлогоо судалгааны түвшинд шинэчилж хийх ажлынхаа эхлэлийг тавьсан. Үүнийг өргөжүүлэх зорилттой байгаа” хэмээн хэлэв.