УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.01.03

Гэр бүлийн хүчирхийлэлд хуулиар хүлээх хариуцлагыг чангатгах хэрэгтэй

Гэр бүлийн хуулийг өөрчлөн найруулахаар Монгол улсын ерөнхийлөгч тэргүүлэн ажлын хэсэг гараад байна.

Гэр бүлийн дотоод асуудлыг гишүүд харилцан тохиролцоно гэсэн ерөнхий ойлголтоос үүдэн олон таагүй дүр зураг бий болсон юм. Эцэг эх хүүхэд гэсэн гурван хүний эрх ашгийг тэнцүүлсэн хариуцлага үүргийг тодруулсан шинэ хуулийн орчин энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Өнөөдөр гэр бүл хэмээх нийгмийн үнэт зүйлийн уламжлалт үнэлэмжид өөрчлөлт гарч гурван гэр бүл дутмын нэг нь ядуу амьдарч, гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн томоохон үзэгдэл болтлоо  тэлж найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч, салалт болон өрх толгойлсон эмэгтэйн тоо нийт гэр бүлийн 60 хувь болтлоо нэмэгдсэн.

Амьжиргаагаа нэмэгдүүлэхийн тулд мянга мянган залуус харийн орныг зорьж гэр бүлийн халуун дулаан орчинд өрнөх боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсэн нь гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах нийгмийн захиалга болж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 Гэр бүлийн хүчирхийлэл гэм зэмгүй өнгөрөх гээд байгааг халах цаг үе болсон. Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийлэл гэм зэмгүй явдаг он жилүүдийг тасалъя гэсэн. Би үүнтэй санал нэг байгаа. Үнэхээр хууль хяналтын, цагдаагийн байгууллагууд  гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хуулиар хүлээх хариуцлагыг чангатгаад өгөх юм бол гэр бүлийн үнэт зүйлийг авч явахад хэрэг болно.

Өнөөдөр аль ч оронд гэр бүл салах тохиолдолд хүүхэд заавал өмчлөх эрх нь хуваагдаж ноогддог. Харин манайд энэ зохицуулалт муутай яваад байсан. Энэ асуудлыг шийднэ гэж бодож байгаа.  Өнөөдөр гэр бүлийн олон шинэ харилцаа бий болж байна. жишээ нь хамтран амьдрагч бий болсон. Энэ бол манай гэр бүлийн тухай хуульд байдаггүй. Хамтран амьдарч байгаад хүүхэдтэй болох нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байна. Энэ мэт асуудлыг зохицуулах шаардлага их байна.

1999 онд баталсан гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах асуудалд  УИХ-ын гишүүд хамгийн хойрго хандаж байна. Хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн өмчийн эзэн болгох гэр бүлд сэтгэл зүйн дарамт учруулсан тохиолдолд эцэг эхийн аль ч эрүүгийн хариуцлага хүлээх, хүүхдийн тэтгэврийг эцэг эхчүүд адил төлөх зэрэг олон заалтыг шинэ хуулийн төсөлд агуулна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудалд татвар өрийн асуудлаар шийдвэр гүйцэтгэл 93 хувиас дээш гардаг бол хүүхдийн тэтгэмжийнх 0,2 хувьтай байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэгч нар 10 хувийг авахаар хуульчилсан байдаг учир иргэний маргаанд оролцох сонирхолгүй байдаг байна.