“Эрхийнхээ төлөө шуугицгаая”
Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөг энэ сарын 5-нд буюу нөгөөдөр 12.00-18.00 цагт Тусгаар тогтнолын талбайд болох гэж байна.
Хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээсээ болж бид эрхээ эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх чадваргүй хүн болж, өөрсдөө амьдрах орчноо хүний эрхэд ээлтэй бус болгож байдаг. Энэ байдлыг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдэн 2008 оноос “Эрх чөлөөний парад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү уламжлалын дагуу хүүхэд болон охид эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг нэгдэж хүний эрхэд ээлтэй эрүүл, аюулгүй амьдралын орчин, эрүү шүүлтгүй эх дэлхийг бий болгохын төлөө “Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриан дор залуусын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад юм.
Энэхүү өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд, хамтран зохион байгуулагчаар “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, “Гүнж” ТББ-ын дэргэдэх “Гүнжээгийн клуб”, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Мөрөөдлийн Ирээдүй”-ТББ ажиллаж байна.
“Эрхийнхээ төлөө шуугих"-аар “Эмоци” продакшн, Ноён Бондгор, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаа, Л.Насанбуян, “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогч А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Ж.Акбота, “Улаан туг” бүжгийн хамтлаг, “Radar” амьд хөгжмийн хамтлагууд оролцож ая дуугаа өргөхөөр болжээ.
Энэ өдөр эрх чөлөөний мэдрэмжээ илэрхийлсэн шилдэг имижийг бүрдүүлж ирсэн оролцогчдыг гайхамшигтай бэлэг хүлээж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.