ГХ-ны сайд Л.Болд Тегеранд хоёр талын уулзалтууд хийв
2012.08.31

ГХ-ны сайд Л.Болд Тегеранд хоёр талын уулзалтууд хийв

Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Х.Казыханов, Бүгд Найрамдах Индонези Улсын Гадаад хэргийн сайд М.Наталегава, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Мау Лвин, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин, Австрали Улсын Ерөнхий сайдын тусгай элч Ж.Хьювитт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутгийн харилцсан сонирхсон асуудлаар санал солилцов. 

Казахстаны Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Азид хамтран ажиллах яриа хэлэлцээний итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний ээлжит хуралдаанд сайд Л.Болдыг оролцохыг урьсан бол Индонези Улсын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын зарим асуудлын талаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Мьянмарын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа “Монгол Улс Мьянмар Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, ардчиллын талаар өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн” байгаагаа мэдэгдэв.

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вьетнам Улсад айлчлахыг урьсан бол Австралийн Ерөнхий сайдын тусгай элч Ж.Хьювитт Австрали Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.