2012.08.30

Бид дөчөөд жил тасарсан харилцааны үүдийг нээж байна

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа сэтгүүлчиддээ хандан “Иран улсад байдаг манай Өлзийт хааны бунханд бид зочиллоо. Та нар түүхийг нь сайн мэдэж байгаа байх. Чингис хааны отгон хүү бол Тулуй. Тулуйн хүү Хүлэг гэж байсан. Энэ хаан энд ирж Ил хаант улсыг байгуулж байсан. Дараа нь Абага, Төгөлдөр, Рагуун, Гайхалт, Байду, Газан, Өлзийт, Абусайд гээд үе залгамжилсан монгол хаад 1256-1344 он хүртэл бараг зуугаад жил Ил хаант улсыг захирч байлаа. Өөрөөр хэлбэл энэ нутагт Монголын нэгэн хаант улсыг байгуулж, хууль тогтоон түүнийгээ хэрэгжүүлж байжээ.

 

Энэ байгууламж бол Ойрхи Дорнодод байдаг хамгийн том бунхан бөгөөд монголчууд түүнийг өөрсдөө бариулсан юм. 700 гаруй жилийн дараа Монгол хааныхаа бунхан, хийж байсан зүйлсийг нь харахад гайхамшигтай сайхан байна. Өлзийт хааны бий болгосон нэг гайхамшигтай зүйл бол энэ бүс нутагт энх тайвныг тогтоож, Франц, Английн хаадад болон Ромын пап ламд захидал илгээн Газрын дундад тэнгисээс Монгол, Хятадын өргөн уудам тал хүртэлх том нутагт эзэн Чингис хаан, Мөнх хааны үеийн тэр агуу төр улсаа дахин сэргээснээ бичиж байсан явдал юм. Энэ бол ийм түүхтэй газар.

 

Хамгийн гол нь энэ айлчлалын үеэр бид хоёр орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үүдийг нээж байна. Ил хаант улсын түүхийг өгүүлсэн Рашид-ад Дины “Судрын чуулган” гэж гайхамшигтай ном бий. Энэ номын эхийн хуулбарыг бид авч явах юм. Бид перс, монгол хэл судлаачид, түүхч эрдэмтэд, оюутан суралцагсдаа солилцоно. Монгол, Ираны Гадаад харилцааны яамд гэрээ байгуулж, анхны ийм харилцаа бий болно. Аймаг, хотуудын хооронд шууд харилцаа бий болно. Энэ муж гэхэд Өвөрхангай аймаг юм уу Хархорин хоттой харилцаатай болно гээд их олон ажил хийнэ. Олон монгол хүн ирж сурна. Эндээс иран хүмүүс Монголд очиж түүхээ судална.

 

Ер нь 40-өөд жилийн өмнө 1973 онд Цэдэнбал гуай Иранд, 1976 онд Ираны Ерөнхий сайд Монголд айлчилсан байдаг. Түүнээс хойш дөрвөн арван жил тасарсан харилцааг сэргээж байгаа энэ чухал нутаг бол хаадын маань морьдоо билчээж, нийслэлээ байгуулж байсан түүхт сайхан хөндий юм” гэв.

Эх сурвалж
Ерөнхийлөгчийн ХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.