Япончууд “гөлөгний дипломат” аргаа Путинд хэрэглэв
2012.08.09

Япончууд “гөлөгний дипломат” аргаа Путинд хэрэглэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин акита-ину үүлдрийн япон нохойг бэлгэнд авчээ. Эзэндээ үнэнчээрээ дэлхийд алдартай, акита-ину үүлдрийн цэвэр цусны, гурван сартай Юме нэртэй гөлгийг япончууд В.Путинд бэлэглэсэн нь учиртай. Цунамийн улмаас учирсан хохирлыг арилгах үед тусалсанд нь оросуудад талархаж буйгаа илэрхийлэн Япон улс энэ нохойг бэлэглэнэ гэж бүр “G20”-ийн саммитын үеэр мэдээлсэн юм.


Бэлгийг хүлээж аваад В.Путиний сэтгэл маш их хөдөлж, Японы Ерөнхий сайд Есихико Нодад хариу бэлэг болгон Сибирийн муурыг илгээсэн байна.


Харин энэ талаар “La Stampa” сонины Анна Зафесова “Токио маргаантай байгаа Курилын арлуудын талаарх хэлэлцээрийг өөрт ашигтай эргүүлэхийн тулд ”гөлөгний дипломат” аргыг Оросын Ерөнхийлөгч В.Путинд хэрэглэлээ” хэмээжээ.


Энэ нь мэдэгдэл ортой байж болох юм. Орос, Японы газар нутгийн маргаантай асуудал нь Дэлхийн II дайны үеэс хойш үргэлжилсээр, одоо мухардалд орсон билээ.


Кремльд хэн гол чухал үүрэг гүйцэтгэдэг талаар бүгд мэднэ. Тэр бол Путиний хайртай, лабрадор үүлдрийн Кони хэмээх хар нохой. Кони нохой ч бас бэлэг. Түүнийг Оросын армийн нэгэн генерал 2000 онд В.Путинд бэлэглэжээ.



Харин одоо япон гөлөг Путиний ам бүлд ирсний дараа уур амьсгал өөрчлөгдөж магадгүй юм.
Ер нь Путин амьтдад их хайртай. Иймээс л дэлхийн улс орнуудын тэргүүнүүд түүнд дөрвөн хөлтэй бэлэг өгөхөөр уралдах болсон бололтой. Тэр бүү хэл Америкийн дипломатчид Путинд “alpha-dog” буюу альфа-нохой, альфа-эрэгчин гэсэн хоч өгсөн нь үүнтэй холбоотой байж болох юм.


”Нохойн дипломат” бодлогыг Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов явуулж байсан. Тэрбээр 2010 онд Москвад айлчлахдаа Болгарын овчарк гэгддэг каракачаны нохойтой ирсэн юм. Энэ нохойд нэр өгөхийн тулд Оросын хүүхдүүдийн дунд уралдаан зарласан. Ингээд Баффи гэдэг нэр илүү олон санал авч, Путиний болгар овчаркийг тэгж нэрлэсэн билээ. Хэдий тийм ч “Moscow Times”-ын мэдээлснээр Баффи ам бүлд нэмэгдсэн ч Путиний гэрт зөвхөн Кони нохой л  давуу эрхтэй бөгөөд тэр л ганцаараа “хаан” буюу Путин руу өндөр дуугаар хуцаж зүрхэлдэг аж. Иймээс шинээр хичнээн нохой нэмэгдсэн ч Кони байр сууриа тавихгүй байж мэдэх юм.


Нэмж өгүүлэхэд Японы Акита муж ердөө 3 удаа акита-ину үүлдрийн нохойг гадаадынханд бэлэглэжээ. Анх удаа 1937 онд Хелен Келлер хэмээх хараагүй, дүлий Америкийн нийгмийн зүтгэлтэнд ийм нохойг бэлэглэсэн байна. Гэтэл түүний нохой нас барсан тул 2 жилийн дараа акита-ину үүлдрийн нохойг дахин бэлэглэжээ.


Харин 3 дахь тохиолдол нь Путинд бэлэглэсэн энэ нохой аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.