Орос Амеркийн харилцаа муудаж магадгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн улс орнуудад суугаа Оросын Элчин сайдуудад хандан үг хэлэхдээ «Өрнөдийн орнуудын эдийн засаг доройтож, буурахын хэрээр дэлхий дахинд үзүүлэх нөлөө нь багасч байгаа» хэмээжээ.
Тэрбээр «Олон улсын маргаан зөрчлийг шийдвэрлэхдээ өрнөдийнхөн ганцаарчилсан тоглолт хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Иймэрхүү зөрчлийг НҮБ-ын хүрээнд шийдэх нь зүйтэй. Эдийн засгийн хямралын дүнд хөгжингүй орнуудын нийгэм, эдийн засгийн байдал муудсанаар өрнөдийнхний давамгайлал суларлаа. Иймээс та нар Оросын ашиг сонирхлын төлөө тухайн орнуудын үйл явдалд нөлөөлөх ёстой» хэмээжээ. Үүнээс үзэхэд Орос улс цаашид ч өөрийн холбоотон Сири улсыг дэмжихийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавих бололтой.
В.Путин «Нөхцөл байдал яаж ч эргэхэд бэлэн бай. Бүр хамгийн муу хувилбар ч биелж магадгүй» хэмээн Оросын дипломатч нарт сэрэмжлүүлээд, «хүйтэн дайны үеийн дайснууд»-тай болгоомжтой харьцахыг сануулжээ.
Дэлхийн улс орнуудын шинжээчид В.Путиний энэхүү мэдэгдлийг маш ноцтой хүлээн авч, «ОХУ, АНУ-ын харилцаа муудаж магадгүй» хэмээн таамаглаж байна.
Оросын Ерөнхийлөгч В.Путин «Европын холбооны асуудал бол дэлхийн эдийн засагт тулгарсан «мөсөн уул»-ын оргил.
Өрнөдийнхөн дэлхийн улс төрд нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд НҮБ-ын хүрээнээс хальж, нэг талыг барьсан дипломат бодлого явуулж байгаа. Чухам тэд л Арабын хувьсгалын ард байсан юм. Одоо энхийн замаар зөвшилцөлд хүрэх арга зам хайх хэрэгтэй» хэмээн мэдэгдэв.
Өмнө нь Д. Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа өрнөдийн орнуудыг Ливи улс руу халдан довтлоход хориг тавиагүй. Тухайн үед В.Путин тэрхүү халдлагыг «дундад зууны Загалмайтны аян дайн» хэмээн нэрлэсэн. Одоо тэрбээр ямар ч тохиолдолд Сирийг Ливи улс " шиг сүйтгүүлэхгүй гэдгээ харууллаа.