Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
2013.12.12

ХЗХ-ын хохирогчдын хохирлыг барагдуулах эсэхийг УИХ шийднэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Өөрөөр хэлбэл, Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан иргэдийн хохирлыг төр барагдуулах юм. Иргэдийг хохиролгүй болгохын тулд хураасан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр эл төсөлд тусгаад байгаа билээ. ХЗХ-ын хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай буй аж.

Уг хуулийн төслийг өмнө нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, ирэх оны улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгуулахаар байсан ч эдийн засгийн байдал амаргүй байгаа учир гүйцэтгэх засаглалынхан төслөө буцаан татаад дахин ийн өргөн мэдүүлсэн нь энэ юм байна. Засгийн газар ХЗХ-оос хураагдсан эд хөрөнгийг худалдаж иргэдийг хохиролгүй болгон гэж үзжээ.

УИХ анх 2007 онд ХЗХ- ын хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой төслийг баталж байжээ. Ингэснээр хохирогчдын хохирлын 50 хувийг буюу 36.1 тэрбум төгрөгийг нь барагдуулж байсан юм байна. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулж барагдуулан гэж уг төсөлд заасан байсан ч өнгөрсөн хугацаанд хөрөнгө үрэгдэж, алга болсон, анх тогтоогдсон үнэлгээндээ хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм байна. Одоо 8301 иргэний хохирлыг барагдуулах аж.

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:   

Харин гэм буруутай нь тогтоогдохгүй бол цагаатгах ёстой.

Энэ хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Үүнээс гадна үүнд буруутай этгээдийг тогтоох хэрэгтэй байна. Харин гэм буруутай нь тогтоогдохгүй бол цагаатгах ёстой. Хохирогчдын хохирлыг барагдуулах үүднээс төр үүнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд хяналт тавих бүрэн боломжтой байсан.

Хэн ч итгэхийн аргагүй өндөр хүү гаргаад байхад дээрх хоёр байгууллага тэднийг оны шилдгээр зарлаад байсан. Үүнд хяналт тавих байсан юм. Тиймээс хуулийнхаа дагуу төр хяналтын үүргээ биелүүлж чадаагүй учраас хариуцлагаа хүлээх ёстой. Ингэхдээ улсын төсвөөс мөнгө гаргана гэж байгаа юм биш. Одоо хураагдаад байгаа хөрөнгийг эхний      ээлжийн хохирогчдод олгож болно. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 

ХЗХ-той УИХ-ын гишүүд нэр холбогддог.  Хоршооны хохирогчид УИХ-ын гишүүдийг нэр заан мөнгө авсан гэж хэвлэлийн бага хурал хийсэн. "Баян-Өндөр сан" гэж ямар ХЗХ байсныг мэдэхгүй, эзэн нь Самбалхүндэв гэж хүн байдаг гэсэн. Түүнээс 50 мянган төгрөг авсан гэж хэлээд .байгаа. Тэр авсан 50 мянган төгрөгөө бас хуваасан тухай хохирогчид хэлдэг. Энэ асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүний нэрийг зарлахыг би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон удаа хэлсэн.

Үүнийг шийдээгүй байж, УИХ-аас хохирлыг барагдуулах хуулийн төслийг баталсан нөхцөлд олон нийтийн дунд "Улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулаад авчихлаа, ашиг сонирхолдоо нийцүүлээд хууль баталчихлаа" гэсэн буруу ойлголт төрүүлнэ. Тиймээс ХЗХ-ноос хэн гэдэг улстөрч мөнгө авсныг ил болгож зарласны дараа асуудлыг хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлага Засгийн газарт байгаагүй. Хууль зүйн сайд нь шийдвэрээ гаргаад зохицуулж болох зүйл. Болдоггүй юм бол Засгийн газар тогтоол гаргаад шийдчих бололцоотой байхад асуудлыг УИХ руу оруулж ирсэн нь зохисгүй хэмээв.

Гишүүд энэ мэтээр байр сууриа илэрхийлсний дараа уг хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалгахад олонхын дэмжлэг хүлээснээр дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр боллоо.