Монголын төр иргэнээ хохироож болохгүй
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.05.10

Монголын төр иргэнээ хохироож болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-05-10/ үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Тэрээр хуулийг гаргахыг дэмжиж үг хэллээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд нэг хэсэг нь төр хариуцах үндэслэлгүй, хадгаламж зээлийн хоршоодын зарим эзэд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой байсан гээд янз бүрийн үндэслэл ярьж байна.

Хууль эрх зүйн орчныг бий болгож өгөөгүй бол, хадгаламж зээлийн хоршоодыг алдагдалд оруулах нөхцлийг төр өөрөө бүрдүүлж өгөөгүй бол ийм асуудал үүсэх байсан уу гэдгийг бодох ёстой. Нэгэнт хуулиар зөвшөөрөөд, дэмжээд, орчныг нь бий болгож өгсөн нөхцөлд борооны дарах мөөг шиг маш олон хадгаламж зээлийн хоршоод бий болсон.

Үүн дээр нь зарим улс төрчид, төрийн албан тушаалтнууд ташуур өгсөн. Өөрөө оролцсон. Тодорхой бодлогоор өөхшүүлж дэмжсэн. Нэг хэсэг төвийн хэвлэл сонингуудаар хоршоодыг магтан дуулж байсан нь хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө хадгалуулах иргэдийн сэтгэл зүйг бэлдэж өгсөн.

Монгол Улсын нэг ч иргэн төрийн алдаатай бодлого үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй.

Иргэд нэгэнт төрөөс баталгаажсан, төрөөс хууль эрх зүйн орчныг нь бий болгоод өгсөн ийм хоршоодод мөнгөө хадгалуулахад алдахгүй юм байна гэсэн горьдлогоор байгаа мөнгөө аваачиж өгсөн.

Өнөөдөр яг энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Энд тэр үед өндөр албан тушаал хашиж, хариуцлага хүлээж байсан албан тушаалтнууд сууж байна. Монгол Улсын нэг ч иргэн төрийн алдаатай бодлого үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй.

Монголын төр иргэнээ хохироож болохгүй. Монголын төр алдаа гаргасан бол түүнийгээ үүрэх ёстой.  Алдаатай хууль гаргасан төр өөрөө алдаагаа засаж хууль гаргах хэрэгтэй.