Цалин нэмэх асуудлаар УИХ дахь намын бүлгүүдэд хандлаа
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт хандаж, санал хүргүүллээ
2013.10.18

Цалин нэмэх асуудлаар УИХ дахь намын бүлгүүдэд хандлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт хандаж, санал хүргүүлсэн байна. 

Сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт МҮЭ холбоо болон салбар, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд ажиллажээ. Тэд иргэдийн амьдрал ахуйг судалж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд УИХ дахь намын бүлгүүдэд хандаж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд талд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. УИХ-аар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед уг асуудлыг хөндөж, бодитойгоор нэмэгдүүлэхэд гишүүдийг дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа аж.

2012 онд жилийн эцсийн инфляцын  төвшин 14 хувь, 2013 оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцын төвшин 23.3 хувьд хүрчээ

МҮЭ-ийн хүргүүлсэн са­налд “Үндэсний статис­тикийн хорооны мэдээллээс үзэхэд 2012 онд жилийн эцсийн инфляцын  төвшин 14 хувь, 2013 оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцын төвшин 23.3 хувьд хүрчээ. Эдийн засаг 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй гарсан гэж мэдэгдсэн. Гэтэл бодит амьдралд эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэж,  дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2-т “Цалин хөлсийг инфляцын төвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Тухайн жилийн улсын төсөв батлагдахаас өмнө нийгмийн зөвшлийн талууд нэгдсэн саналаа УИХ-д хүргүүлнэ”, 5.2-т “Тэтгэвэр, тэтгэмжийг үнэ ханшны өсөлтөөс хоцроохгүйгээр нэмэгдүүлэх талаар талуудын нэгдсэн саналыг жил бүрийн улсын төсөв батлагдахаас өмнө УИХ-д хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх замаар МҮЭ-ийн холбооноос санал гаргасны дагуу гурван талт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа” гэж дурджээ.