Баялгийн сангаас тэтгэврийн нэмэлт санг бий болгох шаардлагатай
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Тэтгэвэрт гарсан л бол тэр хүнийг ажиллаж хөдөлмөрлөж чадахгүй юм шиг хүлээж авдаг сэтгэлгээ манайд байсаар байгаа нь энэ хүмүүсийг амьдралын идэвхигүй, нийгмээс гадуурхагдсан байдалд хүргэж буйг ахмадууд шүүмжилж байна.
Гэхдээ үүнд нийгмийн сэтгэлгээг буруутгахаас илүүтэй өрөөсгөл сэтгэлгээг бий болгож буй төрийн бодлогын алдаа, дутагдалтай талуудаа засаж залруулах шаардлагатайг хэлж байгаа юм.
Үүний тулд эхний ээлжинд ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын арвин туршлагыг нь хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлж, залуу халаагаа бэлтгэх зэрэг анхаарч шийдвэрлэх асуудал байгааг ахмадууд ярьцгааж байв.
Насных нь байдлаар ангилж, баялгийн сангаас тэтгэврийн нэмэлт санг бий болгох шаардлага бий.
Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, “Насных нь байдлаар ангилж, баялгийн сангаас тэтгэврийн нэмэлт санг бий болгох шаардлага бий. Энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч явуулдаг улс орнууд олон байдаг.
Тэгэхээр насны ангиллаар тэтгэврийн нэмэлт санг бий болгож, эндээс ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэвэр тусламж үзүүлэх энэ ажлыг ажил хэрэг болгоход хамтарч ажиллах саналыг та бүхэндээ тавьж байна” гэсэн юм.
Хөдөлмөр эрхлэлтээс гадна ахмадуудын эрүүл мэнд нийгмийн хамгааллын асуудал байнга хөндөгддөг. 210-аад мянган ахмадуудтай манай улс улсдаа ганцхан асрамжийн төвтэй байгаагаас ахмадуудаа хэрхэн анхаарч байгааг харж болохыг цугласан хүмүүс ярьж байлаа.