УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.09.24

Я.Санжмятав: Үндэсний чуулганаар өнгөрсөн жилийн ажлаа дүгнэнэ

Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ ажлын байраар хангах, улмаар тогтмол орлоготой болгохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байгаа билээ. Тиймээс ч “Ажилтай, орлоготой монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөрийн яам байгуулан ажиллаж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч, ганцхан жилийн дотор ажилгүйчүүдийн тоог 13 хувиар бууруулаад байгаа юм.

Хөдөлмөрийн биржүүдийн ажлыг сайжруулах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжин ажиллах, оюутан залуусыг түр ажлын байраар хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж буй тус яамныхан салбарын бодлогоо илүү бүтээлч, шинжлэх ухаанд тулгуурласан байдлаар зангидахаар ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд “Ажилтай, орлоготой монгол хүн хөдөлмөриин салбарын үндэсний чуулганыг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байгаа юм. Үүнээс гадна олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд “Ажилтай, орлоготой монгол хүн" эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.

МУИС-ийн дугуй танхимд болсон уг эрдэм шинжилгээний бага хурлаар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын саналыг сонслоо. Хөдөлмөрийн яамны хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа, бүтээлийг бодлого боловсруулах төвшинд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэргээр тэд санал солилцсон юм.

Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цөөн хором ярилцлаа.

-Хөдөлмөрийн салбарын долоо хоногийг угтсан эрдэм шинжилгээний бага хурлаас гарч байгаа онцлог шинэ санаа юу байна вэ?

-Бид өөрсдийн төлөвлөсөн ажлуудаа хийж байгаа ч бодлогын чанартай олон асуудал нийгэмд аяндаа урган гарч байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар гаргалгаа байгааг зөвхөн төрийн байгууллага харах биш юм.

Өөрөөр хэлбэл, ямар тулгамдсан асуудал, ямар гарц байгаа талаар хөндлөнгийн судалгааны байгууллагууд олон зүйл хэлдэг л дээ. Тийм болохоор хөдөлмөрийн салбарын долоо хоногийг угтан энэ чиглэлээр судалгаа хийдэг багш, эрдэмтэн, оюутны дунд уралдаан зарласан.

Монгол Улсад ажлын байр шинээр бий болгох, өнөөгийн цалин хөлстэй холбоотой олон асуудлын талаар тэдний байр суурийг сонссон юм. Түүн дотроо аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой шийдэх зүйл ч их байдаг. Уг хурлаар дамжуулан нэлээд олон шинэ санаа гарлаа. Ирэх оныхоо ажилд тэндээс зарим тодорхой зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

-Тухайлбал, ямар санаа байна вэ?

-Ялангуяа аутсорсингоор ажлын байр бий болгох гэдэг бол чухал санаа. Бидэнд төлөвлөгдсөн байсан ч хараахан эхэлж чадаагүй ажил байгаа юм. Өөрсдийнхөө байгаа менежмент дээр шинэ менежмент хийх зайлшгүй шаардлага тулгарч ирдэг ажлын байрыг бий болгохын тулд мөнгө, машин биш чадамж чухал.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлыг жинхэнэ хүрэх ёстой эзэнд нь олгох асуудал яригдлаа. Зээлийг их хэмжээгээр олгох эсвэл том компаниуд аваад явчихдаг биш, хэрэгцээтэй хүнд нь дусал ч гэсэн нэмэр болох ёстой гэдэг дээр хүмүүс чухал байр суурь илэрхийллээ.

-Хөдөлмөрийн салбартай холбоотой өөр ямар арга хэмжээ төлөвлөөд байна вэ?

-Энэ долоо хоногт ур чадварын уралдаан зохион байгуулахаар болсон. МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүд маань ямар чадвар эзэмшиж төгсч байна. Нийгэм, зах зээл биднээс ямар мэргэжилтэн шаардаж байна вэ гэдэг чиглэлээр Чингисийн талбай дээр томоохон арга хэмжээ зохионо.

Шинэчлэлийн Засгийн газар цалин хөлсийг нэмэхээсээ илүү өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа

Ер нь энэ мэргэжил эзэмшсэн хүмүүс маань хүнд бодлогоо тулгаж өөрөө чадамжтай байх хэрэгтэй шүү дээ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, ер нь л хөдөлмөрийн ажилтнууд оролцсон томоохон чуулган зохион байгуулна. Ингэхдээ өнгөрсөн жилийн ажлаа дүгнэнэ. Цаашид хийх ажлын талаар санаа оноогоо ч уралдуулна.

-Цалингийн үнэлэмж бага хэвээрээ л байна. Яагаад нэмэгдэхгүй байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар цалин хөлсийг нэмэх гэхээсээ илүүтэй өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа. Өнөөдөр цалин тав, арван хувиар нэмлээ гэхэд маргааш зах дээр өргөн хэрэглээний барааны үнэ 15 хувиар нэмэгдвэл энэ нь үр дүнгүй биз дээ. Цалин хөлсний хэмжээ их байх нь дан ганц Засгийн газар юмуу, эздээс шалтгаалах зүйл биш.

Хувь хүн өөрийнхөө чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй. Харин үүнийг нь үнэлэх үнэлэмжийг нэг мөр болгох хэрэгтэй юм. Жишээ нь, гуравдугаар зэргийн гагнуурчин хэдэн төгрөгийн цалин авах, тавдугаар зэргийн гагнуурчин хэр хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлэх вэ гэсэн тодорхой стандарт мөрддөг алхам руу оруулахын тулд ажиллаж байна. Одоо бол энэ ажил төслийн хэмжээнд явж байгаа.