Эрдэм шинжилгээний ажилтнууд хүнд нөхцөлд, цалин багатай ажилладаг
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-НЫ удирдлагууд өчигдөр Монгол Улсын ПГУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, цалин хөлс, ажлын байрны нөхцөл ямар байгаатай танилцлаа.
Тус хүрээлэнд тав хүртэлх жил ажилласан хүн дунджаар 540 мянга, 25 дээш жил ажилласан профессор, докторууд 720 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг байна
Тус хүрээлэн 104 ажилтантай бөгөөд тав хүртэлх жил ажилласан хүн дунджаар 540 мянга, 25 дээш жил ажилласан профессор, докторууд 720 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг байна. Шинжлэх ухааны салбарт ажиллах чин хүсэл сонирхолтой залуу боловсон хүчин манай байгууллагад ордог ч цалин багаас болоод гардаг хэмээн тус хүрээлэнгийн ҮЭ- ийн хорооны дарга М.Дулмаа хэлж байв. Үүнээс гадна ажиллагсдын 45.4 хувь нь нийтийн байр, 22.3 хувь нь ээж, аавынхаа дэргэд, 12.3 хувь нь гэр хороололд амьдардаг ажээ.
Эрдэм шинжилгээний дэд ажилтан Л.Мандахсайхан “Хими, химийн технологийн хүрээлэнд долоо дахь жилдээ ажиллаж байна. Таван жил ажиллаж байж зэрэг ахисан. Сард хоол унаа болон нэмэгдэл гээд 550 мянган төгрөгийн цалин авдаг.Ажлаас гадуур эрдэм шинжилгээний ажил хийсэн тохиолдолд төлбөрийн 40 хувийг авдаг” гэв.
Тус хүрээлэнгийн химийн хортой бодис сорох шүүгээнүүд хуучирч муудсан тул ууршилгүй тухайн орчиндоо тархдаг байна. Улсаас төсөвлөсөн санхүүжилт бага байдаг тул жилд ганц удаа нэг удаагийн бээлий, амны хаалт цөөн тоогоор олгодог гэнэ. Энэ мэтчилэн тулгамдаж буй асуудлаа тус хүрээлэнгийн хүмүүс МҮЭХ-ныхонд илэрхийлж, цалин нэмэгдүүлэх талаар төр засагт уламжлахыг хүссэн юм.