“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт
2013.10.15

Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хийгдсэн үр ашиггүй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонслоо

Сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөөс хоёр дахин илүү буюу 3,2 тэрбум доллар байна.

2003 онд улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 50 орчим тэрбум төгрөг байсан. Гэтэл үүнээс 3 дахин илүү хөрөнгийг ганцхан Ховд аймагт сүүлийн 5 жилд зарцуулсан ч тэнд дорвитой бүтээн байгуулалт өрнөсөнгүй гэж өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Чингис бондын хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын талаар “Бүтээн байгуулалтын цаг”-аар олон удаа ярьсан, энэ удаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын үр дүнгийн талаар мэдээлэл сонсоно гэдгийг уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон.

2007-2008 онд 13,4 тэрбум төгрөг зарцуулж 14 аймагт салхин сэнс байгуулсан ч эдгээр нь эвдэрч үр ашиггүй хөрөнгө оруулалт болжээ.

Ховд, Хөвсгөл, Төв, Завхан, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудад сүүлийн таван жилд тус бүр 130-150 сая тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч үр дүн багатай байхад үүнээс 3 дахин бага, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан Сүхбаатар аймаг орон нутагтаа олон сайн ажил хийжээ.

Хамгийн олон жил болсон ч ашиглалтад орохгүй байгаа барилга байгууламж, төсөвт өртөг нь хамгийн ихээр нэмэгдсэн төслүүдийг энэ уулзалтын үеэр нэрлэлээ. 9 аймагт хэрэгжсэн “Салхин сэнс” төсөлд улсын төсвөөс 2007-2008 онд 13,4 тэрбум төгрөг зарцуулж 14 аймагт салхин сэнс байгуулсан ч эдгээр нь эвдэрч үр ашиггүй хөрөнгө оруулалт болжээ.

“Бэрх зараа” компанийн барьж байгуулсан 22-ын товчооны замын шинэчлэлтийн ажилд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч эвдрэл гараад байгаа зэрэг олон жишээг Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэрлэлээ.

2013 онд 247 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсвийг орон нутагт шилжүүлснээр үр ашиггүй хөрөнгө оруулалт багасах төлөвтэй байна. Энэ нь иргэдийн санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан төслийг санхүүжүүлж байгаагийнх, нөгөө талаар орон нутагт гүний худаг гаргах, эмнэлэг, сургууль барих, засварлах зэргийг Улаанбаатарт шийдэхээ больсных гэж Ерөнхий сайд хэллээ.