Хөөсрүүлсэн төсвөө танахыг яам, агентлагуудын удирдлагуудад үүрэг болголоо
Сар бүр тогтмол зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлэг “Төсвөө шинэчилье” сэдвийн хүрээнд өрнөлөө. Бүх яамны ТНБД, газрын дарга нар болон агентлагийн удирдлагууд, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцуулж, ирэх оны төсөвт анхаарах шаардлагатай асуудлуудыг ярилцсан юм.
“Шинэчлэлийн Засгийн газар эхний жилийнхээ төсөв батлуулах гэж байна. Төсвийн асуудлаар нэлээд нухацтай ярилцаж, олон зүйлийг цэгцлэх шаардлагатай байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ. Манай улс орлогоосоо давсан зарлагатай, жил бүр хөөсрүүлж нэмсэн үрэлгэн төсөв баталсаар 20 гаруй жилийг үдлээ.
Дунд, доод шатны байгууллагуудаас оруулж ирсэн төсвийн саналыг гар өргөөд баталчихдаг муу жишгийг халж, илүү хариуцлагатай тогтолцоо бүрдүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд олон асуудлыг судалж үзлээ.
Улсын төсвийг арвилан хэмнэх гэж, инфляцийг барих гэж, үнийн өсөлтийг хазаарлах гэж Засгийн газар зүтгэж байхад ард түмний татварын хөрөнгийг зарим нь үзэгнийхээ үзүүрээр өсгөж бичсэн зардалд замбараагүй үрж байна гэж Ерөнхий сайд жишээ татан шүүмжиллээ.
Төсөвт өртгийг нь байнга нэмж, жил бүр санхүүжилт авдаг боловч ажил нь дуусдаггүй төслүүд олноор бий болжээ. Өртөг нь хамгийн их нэмэгдсэн, хамгийн удаан хугацаанд хэрэгжиж байгаа ийм төслүүдийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцуулсан юм.
Төсвийн асуудлаар нэлээд нухацтай ярилцаж, олон зүйлийг цэгцлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.
Сэлэнгэ аймагт 2011 онд эхэлсэн усан бассейны барилгын анхны төсөвт өртөг 800 сая төгрөг байсан бол 2014 онд 4,5 тэрбумд хүрчээ. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга мөн 2011 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дуусгаагүй, гэтэл төсөв нь 3 дахин өсч, 9 тэрбум болсон байна.
Өмнөговь аймагт Говийн бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн барилга 2012-2014 онд 2,7 дахин, нийслэлийн Найрамдал зуслан дахь Усан спорт цогцолборын барилга 2013-2014 онд 2,5 дахин, Хэнтий аймагт "Хан Хэнтий" чуулгын барилга 2011-2014 онд 2,4 дахин өссөн дүнгээр эхний 5-д нэрлэгдлээ.
Хамгийн өндөр инфляцитай улсад ч 3 жилийн дотор батлагдсан төсвөө 4 дахин өсгөдөг ийм жишиг байхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлээд, тэр байтугай нэг байршилд ижил хүчин чадалтай, адил орц материал ашигласан барилгууд ч хоорондоо 3 дахин зөрүүтэй босохоор зардал оруулж ирснийг тэмдэглэлээ.
Нийслэлийн Гачуурт тосгон дахь Аврах гал унтраах анги, Сонгинохайрхан дүүргийн сургууль (640 хүүхдийн суудалтай), Гандантэгчилэн хийдийн өргөтгөл (1080 суудалтай), Говь-Алтайн “Алтай” чуулга (500 суудалтай),
Манай улс орлогоосоо давсан зарлагатай, жил бүр хөөсрүүлж нэмсэн үрэлгэн төсөв баталсаар 20 гаруй жилийг үдлээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв (100 ортой), Хөвсгөлийн төрөх эмнэлэг (50 ортой), Үндэсний төв архивын нэгдсэн байр, Завханы Хөгжимт жүжгийн театр (800 суудалтай), Хэнтийн “Хан Хэнтий” чуулгын барилга хамгийн олон жил дамнан удааширсан төслүүдийн эхэнд жагссан байна.
Эдгээр төслийн анхны төсөвт өртөг 34-130 хувь нэмэгджээ. Зөвхөн 2013-2014 оны хооронд төсөвт өртгийн зөрүү 272,5 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгөөр нийслэлд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 123-ыг босгох боломжтойг Сангийн яамнаас тооцоолжээ.
“640 хүүхдийн суудалтай нэг сургуулийг 1,2 тэрбум төгрөгөөр босгодог жишгээр тооцоход 7 сургуулийн мөнгийг орон нутгийн нэг театр, 4 сургууль барих хөрөнгийг нэг бассейнд өгчихөж байна. Төсвөө ингэж жил бүр тэрбум тэрбумаар нэмчихээд, үүнийг нь өгөхгүй бол босохгүй гэсэн тайлбар тавиад сууж байна.
Нэгэнт эхлүүлчихсэн энэ байшингуудыг мөнгө өгөөд дуусгах уу, эсвэл орхиод энэ мөнгөөр нэн хэрэгцээтэй байгаа бусад бүтээн байгуулалтаа хийх үү гэдэг толгойн өвчин болж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.
Бүх яамны ТНБД, газрын дарга нар болон агентлагийн удирдлагууд, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцууллаа.
Зураг төсөв хийхдээ нэг загвар барих, төсөв гаргахдаа нэгдсэн стандарт мөрдөх, барилга байшин босгохдоо он дамжуулж удаашруулахгүй, төсвийн жилдээ багтаан дуусгадаг болгох зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн.
Иймд төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд төсвийн асуудалд хариуцлагатай, ажилтан албан хаагчид эзний сэтгэлтэй хандах ёстой, үүнийг ч Засгийн газар шаардана гэж Ерөнхий сайд өнөөдрийн хэлэлцүүлгээр мэдэгдлээ.
Мөн цаашид яам, агентлаг, төрийн бүх шатны байгууллага ой тэмдэглэх, шагнах, аялж зугаалах, орон сууцны дэмжлэг олгох гэх мэтэд зориулан төсөв гаргахгүй, өндөр байшин босгохын төлөө уралддагаа больж, босгосноо үр ашигтай ашиглах зохицуулалт хийх хэрэгтэй гэлээ.
Харин яамдын ТНБД нарт дараа жилийн төсвийн хөөсөө дахин хянаад оруулж ир гэсэн үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоногийн хугацаатайгаар өглөө.