С.Бямбацогт: Ипотекийн тогтолцоог задгай хэрэгжүүлснээс болж байрны үнэ өссөн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүдэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа.
Мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг 2014 оны эцэст найман хувь, 2015- 2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьсан байна. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байна гэж үзэж байгаа аж.
Энэ үеэр байнгын хорооны гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас 2013 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр үр дүнтэй болж байгаа гэж ярьж байна. Энэ хөтөлбөр чухам хэнд үр ашгаа өгч байна вэ, үүнийг тодорхой хэлж өгөөч. Орон сууцны метр квадратын үнэ огцом өсөж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна.
Уг нь төрөөс орон сууцгүй иргэдэд чиглэсэн бодлогыг л хэрэгжүүлэх ёстой байх. Ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ 20 хувиар өссөн гэж ярьж байгаа боловч үнэндээ 50 хувиар өсчихлөө. Байрны үнэ ингэж өсөхөөр иргэд яаж орон сууцтай болох юм.
Ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ 20 хувиар өссөн гэж ярьж байгаа ч үнэндээ 50 хувиар өссөн.
Өмнө нь зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжүүлж байхдаа анх удаа байр авч байгаа иргэдийг хамруулж, орон сууцны метр квадратын үнийг нэг сая 200 мянган төгрөгөөс илүү гаргахгүй байх гэрээ хийж байсан.
Гэтэл найман хувийн хүүтэй ипотекийн тогтолцоог задгай хэрэгжүүлснээс болоод байрны үнэ өсчихлөө шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн сөрөг тал нь юу байсан бэ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал:
-Ипотекийн зээлийн тогтолцоо дундаж давхаргынханд хуримтлал үүсгэх боломж олгож байгаагаараа чухал. Дундаж орлоготой иргэд орлогынхоо тал хувийг хэрэглэх биш хуримтлуулж байгаагаараа мөнгөний бодлогын хувьд маш оновчтой тогтолцоо юм. Бид үүнд л зорьж байна. Энэ бол С.Бямбацогт гишүүний ярьж байгаа шиг халамжийн бодлого биш.
Бага орлоготой иргэдэд зориулж Засгийн газраас бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Одоо бид моргейжоор баталгаажсан үнэт цаас гаргана. Энэ нь моргейжийн тогтолцоог урт хугацаанд хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тогтолцоо нь өмнө нь хэрэгжүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлээс огт өөр юм.
Н.Золжаргал: Дундаж давхарга руу чиглэсэн хуримтлал бий болгох бодлого нь л Монголбанкны бодлого болохоос биш халамжийн бодлогыг бид хэрэгжүүлдэггүй.
Өмнөх орон сууцны зээлийн тогтолцоо бол цэвэр халамжийн бодлого байсан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа одоогийн байдлаар 40 орчим мянган хүн энэ хөтөлбөрөөр дамжуулан орон сууцтай болоод байна.
Одоогийн байдлаар манай улсад 120 мянга орчим иргэн орон сууц эзэмшиж байна. Дундаж давхарга руу чиглэсэн хуримтлал бий болгох бодлого нь л Монголбанкны бодлого болохоос биш халамжийн бодлогыг бид хэрэгжүүлдэггүй.
Орон сууцны үнэ эрэлт нийлүүлэлтээс тогтдог. Бид энэ жил нийлүүлэлтийг 100 хувиар өсгөсөн ч гэсэн хангалттай байж чадахгүй. Энэ жил орон сууцны нийлүүлэлт эрс өссөн. Цаашид ч илүү нэмэгдэх байх. Тиймээс бид цаашид ч орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.