Төрийн дэмжлэгтэй орон сууцнууд баригдаж байж хямд орон сууц бий болно
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал
2013.08.09

Төрийн дэмжлэгтэй орон сууцнууд баригдаж байж хямд орон сууц бий болно

Иргэдээ орон сууцтай болгохоор Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрч буй. Энэ хөтөлбөрийн үр дүнг хэлэхэд эрт ч явц нь ямар байгаа талаар ярилцахаар “Өнөөдөр" сонин редакцидаа холбогдох албаны хүмүүсийг урьсан юм.

Энэ удаагийн уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Монголын ипотекийн корпорацийн зөвлөх Ц.Энхбаяр, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л. Соронзонболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нар оролцлоо.

Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын байр суурийг хүргэж байна.

-Төрөөс дэд бүтцийг нь шийдэж, газрыг нь гаргаад өгвөл барилгын үнэ бага байх нь аргагүй. Харин хотын төвд баригдаж байгаа орон сууцны үнийг хязгаарлах боломж байна уу?

-Монголбанктай хамтраад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт урьдач нөхцөл тусгасан. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэл, мөн нисэх буудлын чиглэлд хурдны зам тавина. Энэ зам ашиглалтад орохоор хүмүүс хотын төвд түгжирч байхын оронд Налайх, Буянт-Ухаад цэвэр агаарт амьдрахыг илүүд үзнэ.

-Манай уулзалтад барилгын компаниудыг төлөөлж Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал ирсэн. Барилгын компаниудад ямар асуудал тулгамдаж байна вэ. Үнэ өсөөд байгаа нь юунаас болов?

-Засгийн газраас орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ өгч байна. гэхдээ асуудалтай зүйл бий. Манай ассоциаци орон сууцны барилгад хөрөнгө оруулагч, барилгын компаниудын 100 орчим гишүүнтэй, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага.

Бид зах зээлд орон сууц нийлүүлж, түүнд хөрөнгө оруулж байгаа компаниудынхаа үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар төр засгийн анхаарлыг хандуулах, судалгааг нь хийж, тэдэнд үр өгөөжтэй ажил зохион байгуулдаг. Зах зээлд дөрвөн зэрэглэлийн орон сууц байна гэж бид судалгаа хийсэн.

Бизнесийн болон өндөр зэрэглэлийн ангилалд багтаж байгаа орон сууцны ам метрийн үнэ 2.8 саяас дээш байна. 80- аас дээш ам метртэй ийм орон сууц барилгын зах зээлийн 15 орчим хувийг эзэлж байна. Стандарт буюу дундаж зэрэглэлийн орон сууц нь 80-аад хувийг эзэлдэг. Ам метр нь нэг сая 354 мянган төгрөгийн дундаж ханштай.

Өнөөдөр хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар 40 мянган орон сууц баригдаж байна. Найман хувийн хүүтэй зээл гарсны дараа 1970 оноос хойш ашиглалтад орсон хуучин орон сууц, мөн ашиглалтад дөнгөж ороод буй орон сууцны үнэ өссөн. Дуусаагүй барилгын үнэ өсөөд байгаа нь ченжүүдтэй холбоотой.

Орон сууц

Ченжүүд гэдэг нь банк, санхүүгийн байгууллагууд. Нэг компани 50 айлын орон сууц барилаа гэхэд захиалгын дундаж үед нь ченжүүд нэг дор 30-40-өөр нь худалдаж аваад, байр ашиглалтад орох үеэр үнийг нь өсгөөд зардаг. Монголбанкнаас орон сууцны нийлүүлэлтэд зориулж, 355 тэрбум төгрөгийг барилгын 42 компанид өгсөн.

Түүнийг арилжааны банкуудтай адил өндөр хүүтэй олгосон нь бодитой дэмжлэг болж чадахгүй байна. Энэ асуудлаар БХБЯ, Монголбанкинд хандсан. “355 тэрбум төгрөгийг хотод долоо, орон нутагт 5.5 хувийн хүүтэй өгөөрэй. Эрсдэл буюу янз бүрийн үйл ажиллагааны зардлаа нэмээд 10 хувиас хэтрэхгүй шүү” гэж Н.Алтанхуяг сайд Бүтээн байгуулалтын цагаар өөрөө хэлж байсан.

Гэтэл 18-20 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд санал болгож байгаа юм. Барилгын материал үйлдвэрлэлийнхэнд бол бага хүүтэйгээр өгсөн юм билээ. Гэтэл барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд нэг сөрөг үзэгдэл гарсан нь үнийг тогтворжуулах биш, унагаасан.

Тэр нь эргээд барилгын материалын үйлдвэрлэлд нөлөөлсөн гэж яригдаж байгаа. Мэдээж анх удаа Засгийн газраас ийм дэмжлэг олгож байгаа болохоор бүгд л ингэвэл яах вэ, зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэхчлэн туршсан байдлаар явна. Түрүүн Г.Мэргэнбаяр дарга улсаас 200 тэрбум төгрөгийг дэд бүтцэд зориулж төлөвлөсөн гэж хэллээ.

Гэхдээ тэр нь тендер нь зарлагдаад эхнээсээ дөнгөж хийж эхэлж байгаа ажил болохоор үр дүн гарахад нэлээд хугацаа шаардана. Цаашдаа олон орон сууц баригдана. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн урам зориг орсон байна. Тэгэхээр иргэдийг яараад хэрэггүй л гэж зөвлөмөөр байна. Найман хувийн хүүтэй зээл дуусчих болов уу гэж яарч, сандарч үнэ өсгөх, хуучин байр өндөр үнээр авах шаардлагагүй гэж хэлье.

-Төрөөс нийлүүлэлтийг дэмжихээр барилгын компаниудад олгох мөнгийг арилжааны банкны хүүгээр тооцож өгч байгаа нь үнэн бол дэмжлэг болж чадахгүй юм биш үү?

-Жилийн 12 хувийн хүүтэй зээл авсан компани манай гишүүн компаниудын дунд бараг байхгүй. Ямар компанид, ямар гүйцэтгэлтэй барилгад, ямар шалгуураар олгосон талаар задаргааг нь өгөөч гэхээр Монголбанк өгөхгүй байгаа юм.

Барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд нэг сөрөг үзэгдэл гарсан нь үнийг тогтворжуулах биш, унагаасан.

Манай ассоциацийн гишүүн компаниуд “Бид энэ зээлийг ерөөсөө авч чадахгүй байна. Энэ талаар мэдээлэл авч өгөөч” гэж биднээс шаардаж байна. 12 хувийн хүүтэй зээл тийм тийм компанид өгсөн л гэж байна. Гэтэл тэр компаниуд нь барилгаа ч эхлээгүй байх жишээтэй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч гэж БХБЯ, Монголбанкинд бид хандсан.

Дундаж буюутүүнээс доош орлоготой хүмүүст зориулсан стандарт буюу дундаж зэрэглэлийн орон сууцыг хэр их дэмжиж байгаа юм бэ. Өндөр зэрэглэлийн орон сууц барьж байгаа компаниудад бас өгч байгаа юм уу. Тэгсэн мөртлөө үнээ буулга гээд шаардаад байдаг.

Улсын хэмжээнд 225 компани орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа. Тэндээс нэлээд сайн түүхтэй компаниуд ч банкинд хандаад энэ зээлийг авч чадахгүй байна гэсэн. Харин сарын 1.5 хувийн хүүтэй зээлээ ав гэсэн байгаа юм. Нээлттэй гэж яриад байна. Гэтэл нээлттэй зүйл хаана байгаа юм бэ.

-Орон сууцыг олноор нь ченжүүд худалдаж аваад үнэ өсгөдөг гэж ярилаа. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол 2003 оноос л яригдаж эхэлсэн асуудал. 2006 онд Москва хорооллын 100 орон сууцыг нэг хүн авч байсан. Ам метр нь 350 мянган төгрөг байхад нь авч, 600 мянга хүргэж зарсан. Энэ бол бүр тогтчихсон, зах зээлд байдаг үзэгдэл. Үүнийг банкууд сайн мэдэж байгаа.

-Ер нь найман хувийн хүүтэй энэ зээл байртай хүмүүст илүү боломж олгоод байгаа юм биш үү. Шинээр байр авах гэж байгаа хүмүүс 30 хувийн урьдчилгааг нь дийлэхгүй байна. Гэтэл байртай хүмүүс байраа барьцаалаад 30 хувийн урьдчилгаа төлөхгүйгээр зээлд хамрагдаж байгаа гэсэн. Үүн дээр бодлого байна уу?

-Орон сууцны үнэ өсөж буй нь барилга угсралтын ажлын циклээс болж байгаа юм. Хавар ажлаа эхлээд өдийд 40-60 хувьд хүрдэг. Намар гүйцэтгэл нь нэлээд өндөр хувьтай болохоор захиалагч ихсэж, үнээ нэмдэг. Тэр нь нөлөөлж байгаа. Ер нь эрэлт, нийлүүлэлтийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Тав таван жилээр хийдэг ч юм уу.

Энэ хугацаанд хувийн хэвшлүүд ямар хөрөнгө оруулалт хийж байна, улс дэд бүтэцдээ яаж хөрөнгө зарцуулах юм, иргэд ямар зэрэглэлийн байр худалдаж авахыг хүсч байна, ямар тогтмол орлоготой вэ гэдгийг урт хугацаанд судалгаа хийгээд, түүнийхээ дүнд бодлогоо гаргадаг байвал илүү үр дүнтэй.

Тэгэхгүйгээр яаран сандран “За энэ жил хэдэн төгрөг гаргачихъя” гээд явбал тухайн жилдээ үр дүн нь харагдахгүй. Олон нийт богино хугацаанд үр дүн хүлээдэг болохоор сөрөг уур амьсгал үүсээд байгаа юм болов уу. Энэ жилийн хувьд сүүлийн 10 жилд байгаагүй их хэмжээний дэмжлэг, эрэлт нийлүүлэлт гарсан. Дараа жилээс үр дүн нь мэдрэгдэнэ байх.