Л.Энх-Амгалан: Эрх ашгийн эрэмбэ дараалал байдаг бол Монголынх хамгийн түрүүнд байх ёстой
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Харамсалтай нь ганц ч хууль баталж чадсангүй. Уг чуулганд та ямар дүгнэлт өгөх вэ?
Ээлжит бус чуулганы гол зорилго Монголын нийгэм, эдийн засагт үүсээд буй өнөөгийн нөх- цөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх, үүнээс гарах арга зам нь юу байх вэ гэдгийг хүлээх байлаа. Уг чуулганы үеэр МАН-ын зүгээс санал тавьж хурлын даргын захирамжаар гаргасан ажлын хэсгийг дүгнэлтийг сонсох шаардлага тавьсан. Энэ ажлын хэсэг Монгол Улсын гадаад, дотоод орчинд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр байгуулагдсан юм.
Угтаа ажлын хэсгийн дүгнэлт тавдугаар сард гарчихсан. Тэрхүү дүгнэлтийг тухайн цаг үед нь сонсчихсон бол өнөөдөр үүсээд буй нөхцөлөөс арай бага өртгөөр гарах боломж байлаа. Үүнийг чуулган дээр бус Эдийн засгийн байнгын хороон дээр сонсоод өнгөрч буй нь учир дутагдалтай байгаа юм. Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл өргөн барьсан.
Эдгээр хуулиудыг ярихын тулд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг гаргачихаад алт, зэс, нүүрсэн дээр ямар бодлого явуулахаа тодорхой болгочихсон бол ард иргэд, УИХ-ын гишүүд, Засгийн газарт ч ойлгомжтой байх байв. Гэтэл хоорондоо уялдаагүй, зөв зохион байгуулалт төлөвлөгөөгүйгээр хийсэн байна. Хөгжлийн бодлогогүй явж ирсний гай нь ингэж гарч ирж байгаа юм.
Эдийн засгийн хямрал нөгөө талаасаа том боломж байдаг. Улс төрийн хоёр нам ойлголцох цаг болчихжээ. Эрх ашгийн эрэмбэ дараалал гэж байдаг бол нэгдүгээрт улс орны эрх ашиг байх ёстой. Монгол Улсын эрх ашгийн үүднээс бид ойлголцох цаг нь болсон. Чуулганы нэг давуу нь цаашид зөвшилцлийн хэлбэр рүү орох уур амьсгалыг бий болгож чадсан. Гэхдээ тодорхой хүлээсэн үр дүнд энэ удаагийн ээлжит бус чуулган хүрч чадсангүй.
-Цаашид бид яах ёстой вэ. Ниргэсэн хойноо хашгираад байгаа юм биш үү?
-Асуудлуудыг дэс дараатай шийдэх ёстой. Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засагт ямар нөхцөл бүрэлдчихээд байна. үүнийг бид хямрал гэх үү, хүндрэл гэж үзэх үү. Манай намынхны ярьж буйгаар энэ нь хямрал болж таараад байгаа. Харин засаг барьж буй намынхны ярьж буйгаар хүндрэл гээд байна. Гэхдээ хямрал нь байна уу.
Хүндрэл нь байна уу хамаа алга. Бид үүнээс гарахын тулд хамтдаа ажиллаж байна. Хамгийн гол нь улс төржсөн байр суурийг барихгүй байгаа гэдгийг хэлье. Бидний цаана ганцхан эрх ашиг байгаа тул нийгэм, эдийн засгийн нүдээр харж тодорхой шийдэл гаргах хэрэгтэй. Шийдэл гаргахын тулд бодлогуудаа тодорхойлох шаардлагатай. Бодлогуудаа үе шаттай авч хэрэгжүүлэн УИХ юу хийх бэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй юм.
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед УИХ улс оронд үүссэн нөхцөл байдлын талаар УИХ-ын тогтоол, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж байсан практик бий. Энэ нь тухайн үед бодитой үйл ажиллагаа болж чадсан. Учир нь УИХ-ын тогтоол нь сайн гарч, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл нь төлөвлөгөөний дагуу явагдсан тул хямралаас бага өртгөөр гарсан.
Ийм бодит туршлага байхад үүнийгээ бид авч хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль орж ирж байгаа бол бид батлаад явъя гэсэн байр суурьтай байсан.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль гадна, дотныхны хамгийн том хүлээлт байлаа. Үүн дээрээс хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх томоохон боломж байв уу?
Нийгэмд маш том хүлээлт үүсчихээд байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль сайн гарч чадвал эдийн засгийн хямралаас гарах эхний гарц юм. Гадныхан өнөөдөр Монголд хөрөнгө оруулах итгэл нь алдарчихлаа гээд байгаа. Нэг жилийн дотор 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулбал буурчихсан. Хэрвээ энэ мөнгө Монголд орж ирсэн бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байх байлаа.
Энэ мөнгөөр олон тооны ажлын байр бий болгож, худалдан авалт хийгдсэн бол бид боломжоо алдахгүй байсан. Одоо алдагдсан боломжоо хэрхэн олж авах вэ гэдэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль байсан. Уг хуулийг хүмүүс янз бүрээр ярьж байгааг сонслоо. Зарим нь бүр лобби хийгээд хэдэн том олигархи компанийн төлөөлөл УИХ-аар батлуулах гээд байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Жижиг, дунд үйлдвэрийнхнийг харж үзсэнгүй гээд байна лээ. Үндэсний томоохон компаниудаа дэмждэг бодлого аль ч улс оронд байдаг зүйл. Өнөөдрийг хүртэл үндэсний томоохон компаниудаа дэмжих төрийн бодлогогүй явж ирлээ. Харин жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль гээд баталсан. Уг хуулиар татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь явж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадын, дотоодын гэж ялгаварлахаа больё, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээсээ шалтгаалан хөрөнгө оруулалтын тогтвортой байх хугацаагаа тодорхойлъё, энэхүү хууль нь Хөрөнгө оруулалтын тухай хууль мөн юм бол хөрөнгө оруулагчдаа татварын бус замаар яаж
дэмжих эсэхийг тодорхойлсон хууль болох байсан.
-Уг хуульд болгоомжлохоор зүйлс байна уу?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан гарснаар одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиудаас хөрөнгө оруулалтын орчин нь дордож болохгүй. Одоо хөрөнгө оруулалтын орчинг юугаар тогтворжуулж байна гэхээр уул уурхайн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгө оруулалтын татварыг тогтворжуулж өгч байна. Энэ бол ямар нэг татварын хөнгөлөлт биш.
Гэтэл томоохон компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлээд жижиг, дунд компаниуддаа татварын хөнгөлөлт өгөхгүй байна гэсэн яриа гараад байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль татварын хөнгөлөлт өгдөг хууль биш юм. Харин татварын тогтворжуулалтын тухай хууль гэдгийг санах хэрэгтэй. Том, жижиг хөрөнгө оруулагч аль алинд нь татварын тогтвортой байдал хамгийн чухал.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын татварыг өндөр гэж хэлэхгүй байна. Хамгийн гол нь татварын орчин тогтворгүй байна гээд байгаа юм. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар манай хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхой бус байгаагаас шалтгаалаад харанга оруулалтын орчин муудаад байна гэдгийг хэлсэн. Уул уурхай эдийн засагт нь голлох үүрэгтэй 100 гаруй улс байдаг.
Эдгээр улсаас уул уурхайн салбарт явуулж буй бодлого нь өөрчлөгддөг, тогтворгүй орчинтой улсын жагсаалтад Монгол улс 80 дугаар байрт орсон. Тэгсэн хэрнээ уул уурхайгаа хөгжүүлнэ гээд байгаа. бодлого нь тодорхой бус байгааг анхаарах хэрэгтэй. 80 дугаар байрт явна гэдэг том дохио. Энэ нөх- цөл байдалд хөрөнгө оруулагчид ийм дохио өгч байгаа тул үүнээс яаж гарах тухай ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан.
-Засаг барьж буй нам бидний үгийг хүлээж авахгүй байна гэсэн гомдлын үгс танай намаас гараад байгаа.
-Бидний үгийг хүлээж авч байна. Эдийн засгийн хямрал нүүрлэчихлээ гэдгийг тэд ойлгосон. Мөн төсөв хүндэрчихлээ, орлого буурчихлаа гээд төсвийн тодотголыг оруулж ирнэ гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдчихлээ. Тиймээс хүссэн хүсээгүй бидний тавьсан шаардлага биеллээ олж эхэлж байна гэж ойлгоод байгаа. Төсвийн тодотголоо оруулж ирэх ёстой.
Орлого нь 1.8 их наяд төгрөгөөр тасарчихсан үүнийг оруулж ирье гэж Ерөнхий сайд мэдэгдсэн нь манай намаас тавьсан шаардлагуудыг үе шаттайгаар авч байна гэж ойлгож байна. Эдийн засгийн хямрал гэдэг аль нэг намын оноо цуглуулах асуудал биш. Хямралаас гарах нь ард түмний эрх ашиг байх ёстой. Бид нэг завин дээр хөвж яваа. Тийм болохоор завиа хөмрүүлэх хүсэл хэнд ч байхгүй биз.
-“Чингэс” бондын мөнгийг үр ашиггүй зарцууллаа гээд байна. Саяхан Ерөнхий сайд Японд айлчилснаар “Самурай” бондын сураг гараад эхэллээ. Эдгээр бондын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өр тодорхой хэмжээ- тэй байх ёстой. Түүнээс биш дааж давшгүй өрийн дарамтад ард түмнээ оруулж болохгүй. Тодорхой нөхцөлтэйгөөр хэдэн жилийн дараа эргэн төлөгдөх хүүтэй зээл авч байна гэсэн үг.
Харин зээл, хөрөнгө оруулалт хоёр тусдаа зүйл. Хөрөнгө оруулалт гэдэг нь ямар нэгэн эрсдэл хүлээдэггүй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөөр эрсдэл хийж баялаг бүтээж байгаа. үүнийг дагаад олон ажлын байр бий болдог.
Энэ бол хөрөнгө оруулалт. Харанга оруулалтыг бид дэмжих ёстой. Өрийн асуудлыг бид болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Ирээдүйд эдийн засагт ямар хүндрэл дагуулж ирэхийг бодолцох нь зүйтэй. Олдсон бүгдийг нь зээлээр аваад байж болохгүй. Олон улсын байгууллагуудаас манай зээлжих зэрэглэлийг бууруулаад байна. Энэ нь “Монгол итгэл хүлээх нөхөр биш байна шүү” гэдгийг хэлээд байгаа юм.
Хуучин бидэнд бага хувийн хүүтэй зээл өгөх боломж байсан бол цаашдаа Монгол Улсын улс төрийн эрсдэл нь өндөр байгаа тул зээл олговол өндөр хүүтэй зээл олгоно гэдэг ч юм уу иймэрхүү сануулгыг өгөөд байна гэсэн үг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ДНБ-д эзлэх өрийн хэмжээ гэж байх ёстой. Үүнээсээ давж болохгүй.
-“Урт” нэртэй хуулийг хэлэлцэхээр болсон. Мөн бусад хуулиуд дээр ямар байр суурьтай байна вэ?
Үндсэндээ 600 тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал гарч ирлээ.
-“Урт” нэртэй хуулийн үзэл санаа нь зөв. Тийм болохоор бид дэмжиж байгаа. Манайд ямар нэгэн хууль гарахад орчноо тогтворгүй болгочихдог. Өнөөдөр уул уурхайн салбарт үүсээд буй энэ нөхцөл байдлаас эрт орой хамаагүй хэзээ нэгэн цагт гарах ёстой. Энэ тал дээр гарц хэрэгтэй. Төрийн санаачилга байх ёстой. Ард нь олон зуун компани, хүмүүсийн эрх ашиг байгаа тул төр үүнийгээ эргэж харах зүйтэй гэж бодож байна.
Хувийн хэвшлийн салбаруудаа байлгаад байж болохгүй. Үндсэндээ 600 тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал гарч ирлээ. Төрийн мөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө байдаг. татвар төлөгчдийн мөнгөөр тэр нөхөн олговрыг олгож болохгүй. Хууль гарахаас өмнө ямар нөхцөл байдал байсан. Хууль гараад ямар нөхцөл бий болсныг дүн шинжилгээ хийгээд тодорхой шийдлүүдийг аль аль нь авч гарч ирэх ёстой юм.
-Эдийн засаг хямрахад нөлөөлсөн гол хүчин зүйлс дээр та ямар бодолтой явдаг бэ?
-Хөгжлийн бодлогогүй явсан нь эдийн засаг хямрахад нөлөөлсөн нэг хүчин зүйл. Дунд болон урт хугацаанд монголчууд тохиролцоод хөгжлийн бодлогоо тодорхойлсон бол хямралаас аятайхан гарчих байсан.
Улс төрийн зөвшилцөл байгаагүйн улмаас хямрал хүчээ авсан. 2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ дээр өнөөдрийг хүртэл зөвшилцье гэсэн хүсэл эрмэлзэл байсангүй. Засгийн газраас хөрөнгө оруулалтын тал дээр авч явах бодлого тодорхой бус байлаа. Энэ гурван алдаа эдийн засгийг ийм болгочихлоо.
-Гадны хөрөнгө оруулалт хэзээнээс сэргэх бол. Хугацааны хувьд хэр удах бол?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсаны дараа л хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байхгүй. Хүний итгэл олно гэдэг цаг хугацааны асуудал. Буурсан итгэлийг сэргээх асуудал бидэнд тулгараад байна. Хууль сайн гарч чадвал хөрөнгө оруулалтын итгэл сэргэнэ.
Өнөөдрийн баталж буй хууль алдах эрхгүй хууль гэж бодож байна. Энэхүү хуулийг үндэсний зөвшилцлийн хэлбэрээр гаргавал үр дүнд хүрэх болно.