Б.Цэдэнсамба: Хувь хүмүүс барилгын материал оруулахыг хориглоно
Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба
2013.09.27

Б.Цэдэнсамба: Хувь хүмүүс барилгын материал оруулахыг хориглоно

Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбатай ярилцлаа.

“Барилгын материалын үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг салбарын яам, засгийн газрын зүгээс амжилттай хэрэгжиж байгаа хэмээн ярьдаг. Харин таны бодлоор энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ. Мөн цаашид хөтөлбөрийг сайжруулахад ямар санал, санаачилга байгаа талаарх бодлоо хуваалцана уу?

Монголын барилгын салбар 1950-иад оноос эрчимтэй хөгжиж олон бүтээн байгуулалтууд хийгдсэн билээ. Үүний нэг нь барилгын материал үйлдвэрлэл хөгжсөн явдал. Энэ нь ч тухайн үеийн төр засгийн бодлоготой холбоотой. Үйлдвлэл сайн хөгжсөнөөр барилгажилт явагдаж, шинэ хотууд бий болсон.

Харамсалтай нь нийгмийн өөрчлөлтийн улмаас 1990-ээд оны үед улсын чанартай үйлдвэрүүд хувьчлагдсан нь янз бүрийн шалтгаантай. Ингээд 2000 оноос хувийн хэвшлийн компаниуд шинэ техник технологи оруулж ирж, хотын өнгө төрхийг сайжруулсан.  Энэ их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад төвөг учруулж байгаа зүйл нь барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжил болж хувирсан.

Хөгжил дорой байгаа учраас шинэчлэлийн засгийн газраас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Барилгын материал үйлдвэрлэлийг зөвхөн тоосго шороогоор зүйрлэж болохгүй. Маш нарийн систем, шинжлэх ухааны төлөвлөлт шаарддаг ажил.

-Манай улсад өнөөдөр барилга угсралт түрүүлж хөгжсөн учир материал үйлдвэрлэлийн хангалтад онцгой анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?

Тийм ээ. Материал үйлдвэрлэл түрүүнд нь явах ёстой. Тодорхой хэмжээний үйлдвэрлэл байгаа боловч одоогийн хүчин чадалд хүрэхгүй байна. Түүнчлэн орчин үеийн техник, технологи сайн хөгжиж чадаагүй нь нөлөөлдөг.

Манай шинэчлэлийн засгийн газрын гаргасан нэг бодлого нь барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэх 2012 оны 174 дүгээр тогтоол.

Энэхүү зорилтот хөтөлбөрийн хүрээнд эх орны гол түүхий эдийг барилгын материалд ашиглахаар болсон. Хэрвээ материал үйлдвэрлэлийн шинэ технологийг гаднаас оруулж ирвэл гаалийн татвараас хөнгөлөлт үзүүлэхээр болсон.

-Хөнгөлөлтийн ажил ямар шатандаа явж байна вэ. Ямар үр дүн гарсан бэ?

Ажлын гол үр дүн нь он гарсны дараа барилгын материалын үнэ тогтвортой байх явдал байсан. Өсөхгүй, тогтвортой байсаар өнөөдрийг хүрлээ. Харин сүүлийн долоо хоногт л жаахан өсөх хандлага ажиглагдсан.

Салбарын үнэ жилдээ 20-30 хувиар өсчихдөг. Ийм тохиолдолд одоо үйл ажиллагаа явуулж буй бодит үйлдвэрээ дэмжих зорилгоор 70 шахам үйлдвэрт 170 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгох арга хэмжээ авсан. Маш бага хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай явуулна. Ингэснээр дотоодын барилгын материалын хүчин чадал нэмэгдэнэ.    

Түүний дараа гаднаас материал оруулдаг компаниудын зарим гол нэрийн бүтээгдэхүүнийг /цемент, арматур/-т зээл олгосон. Энэ нь үнийн өсөлтөөс сэргийлэх ач холбогдолтой байсан. Ойролцоогоор 50 компанид 100 гаруй сая төгрөгний зээлийг олгосон.

-Цемент, арматур хамгийн чухал хэрэгцээтэй учраас үнэ нь байнга өсдөг. Өнөөдөр ч гэсэн нэмэгдсэн байна?

Олон жилийн дундаж өсөлтөөс харахад цемент 30-35 хувиар, арматур 15 хувиар энэ жил санасныг бодоход доогуур байлаа. Үнэ өсөөгүй. Харин өнөөдөр өсөөд байгаа нь валютын ханштай холбоотой.

Нөгөөтэйгүүр эх орны барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор барилгын материал үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөллөө. Мөн дараа сард сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад орно. Манай улс нийт арматурынхаа 20 хувийг л хангах хүчин чадалтай. Тиймээс Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж байна.

Цаашид хувийн хэвшлийг дэмжих чиглэлд санхүүгийн эх үүсвэрийг судлаж байгаа.

Цемент, арматурыг дотоодоосоо хангах зорилт тавьсан. Саяхан манай салбарын томоохон нэг мэргэжилтэн  барилгын материал үйлдвэрлэлд шинэ хувьсгал хийж байна гэсэн юм. Тэгэхээр зорилтондоо итгэлтэй байна.

-Хувийн хэвшлийг дэмжихээр олон компанид зээл тусламж өгсөн нь харагдаж байна. Тэдгээрийг хянах механизм нь хэр байгаа вэ?

Авсан өгсөн зээлээ хэр үр дүнтэй зарцуулж байна гэдгийг хянадаг механизм байгаа. Ер нь манай яам ар өврийн хаалга, танил тал, авилгал гэх мэт зүйлд огт өртөөгүй гэж хэлж болно.

-Барилгын материалын чанарыг асуудлыг ярихад мэргэжлийн шинжилгээний лаборатори байхгүйгээс нэг хувийн компани монополь байдалтай ажиллаж байгаа талаар хүмүүс гомдоллодог. Энэ байдлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ?

Асуудлыг шийдэх гарцын нэг нь бүх аймгийг лабораторитой болгох явдал. Энэ ч үүднээс эхний ээлжинд 18 аймгийн шинжилгээний лаборатори барих ажлыг эхлүүлээд, зураг төсөл хийгээд явж байна. 2014 оноос эхлэн баригдаж эхлэнэ.

Манай сайд барилгын материал үйлдвэрлэгчдийг өөрсдийн лабораторитой гэсэн шаардлага тавьж байгаа. Тухайлбал бетон үйлдвэрт заавал шинжилгээ хийдэг байх ёстой. Барилгын компаниуд ч өөрсдөө тийм болох хэрэгтэй.

-Барилгын салбарт шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрч байна уу. Улирлын хамаарлыг  хэрхэн нэвтэрч байна вэ?

Барилга орон сууцыг угсармал болгох бодлого барьж байгаа. Энэ асуудлаар сарын өмнө 14 сая төгрөгийн зээл олгосон. Ирэх он гэхэд угсармал барилгын тенологид шилжих байх. Угсармал барилга бол хуурай технологи учраас өвөл ажиллах боломжтой. Одоогийн технологи нь нойтон буюу каркасан барилга учраас хүйтний улиралд зогсчихдог. Улирлын хамаарал яахын аргагүй шийдэх ёстой асуудлын нэг. Хэрвээ угсармал технологид шилжвэл зургийн үйлдвэрүүд хөгжинө. Бусад угсармал хийцүүдийг барилгад өргөн хэрэглэх ёстой.

-Барилгын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр яаманд ажлын хэсэг ажиллаж байгаа. Шинэчилсэн хуулинд голчлон ямар асуудлыг шийдэх вэ?

Ер нь цаашдаа хувь хүмүүс барилгын материал оруулж ирэхийг хориглоно. Төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана. Одоо ч бас барилгын материал үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний зөвшөөрлийг мэргэжлийн холбоод өгч байгаа.

-Барилга барих нь хот байгуулалттай холбоотой. Гэтэл манайхан газраа л авчихвал дараа нь инженерийн шугам сүлжээний асуудлаа орхигдуулж явсаар асуудал үүсгэдэг. Цахилгаан эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Манай яам Засгийн газартай олон сар ярьсны эцэст Улаанбаатар хотын 10 хороолол, 10 суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ барих төслийн баг ажиллуулж эхэлсэн. Нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгний төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал Яармагийн дэнж, Нисэх гэх мэт.