Л.Гантөмөр: Эрчим хүчний алдагдлыг багасгахад маш том хөшүүрэг болно
Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Гантөмөр
2013.09.11

Л.Гантөмөр: Эрчим хүчний алдагдлыг багасгахад маш том хөшүүрэг болно

Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Гантөмөртэй барилгын цонхны чанар болоод эрчим хүчний алдагдлыг багасгах талаар ярилцлаа.

-Монголчууд наадмын дараа намрын бэлтгэл ажилдаа ордог. Харьцангуй эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дэн өвлийн хүйтэнд иргэдийг бухимдуулдаг асуудал барилгын цонх байдаг. Цонхны чанар, үндэсний үйлдвэрлэлийн хөгжил ямар түвшинд байна бэ? Чанарт дэвшил гарч байна уу?

-Юуны өмнө улс эх орныхоо өнцөг булан бүрт бүтээн байгуулалтыг өрнүүлж буй барилгын салбарын ажилчид, удирдлагууд, ахмадууд, үе үеийн барилгачид, үйлдвэрлэгчиддээ барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярын мэнд хүргэж, бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.

Би цонх хаалганы үйлдвэрлэлийг бусад материалын үйлдвэрлэлийг бодвол харьцангуй хурдацтай хөгжиж байна гэж хардаг. Нэг, хоёр жилийн өмнө ОУ-ын үзэсгэлэн дээр харж байсан шинэ технологи. шинэ техник тоног төхөөрөмжийг дараа жилийх нь хавар үндэсний үйлдвэрлэгчид оруулаад ирсэн байх жишээтэй.

Ерөөсөө л үйлдвэрлэлийн менежмент жил бүр хурдацтай хөгжиж байна. Харин цонх хаалганы үйлдвэрлэлийн хөгжил, дэвшлийг барилгын салбарын удирдлагууд олж харахгүй байх шиг санагддаг. Одоогоос хэдэн жилийн өмнөх үйлдвэрлэлийн тогтсон хэв маяг, технологийн хөгжлөөр хараад байх шиг.

Гэтэл өнөөдөр цонхны үйлдвэрлэлийн хувьд чанар стандартын шаардлага хангасан цонх хаалга үйлдвэрлэх бүрэн боломжтой, түүхий эд материал, технологийн хувьд ОУ-с нэг их хоцроод байхгүй, дотоодын хэрэгцээг хангах хангалттай хүчин чадал байна. Харин чанартай цонхны эрэлт хэрэгцээ тун бага байна.

-Яагаад чанартай цонхны эрэлт байхгүй байна гэж?

-Нийслэл хотод олон том хороолол, хотхон олноор сүндэрлэн босч байгаа нь сайхан. Гэвч түүнд тавьж буй цонх, хаалганы чанар маш муу байна. Барилгын хөрөнгө оруулагчид, захиалагчид хамгийн хямд үнийн саналаар сонголтоо хийдэг гаж тогтолцоо хэвээрээ байна. Үүний цаана хэрэглэгчид хохирч байна.

Энэ гаж тогтолцоо хэвээр байгаа учраас стандарт норм дүрмийн шаардлага хангасан чанартай цонхны эрэлт байхгүй байна. Харьцангуй зөв сэтгэлгээтэй, хэрэглэгчдийнхээ эрх ашиг, тав тухтай орчин, аюулгүй ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийнхөө ирээдүйн үнэ цэнэ талаасаа стандарт норм дүрэм, техникийн шаардлагуудыг харж чанартай цонх хаалга сонгодог цөөхөн барилгын компаниуд бий. Гэхдээ маш бага хувь нь.

-Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Манай улсын хувьд төрийн бус байгууллагуудад шууд хяналт тавьж ажиллах Эрх нь хязгаарлагдмал. Бид үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарт, хөндлөнгөөс хяналт тавин ажиллаж байна. Хяналтыг мэргэжлийн хяналтын газар тавьдаг ч цонх хаалганы чанар болоод барилгын хананд суулгаж буй суулгалтын хяналт маш хангалтгүй байдаг.

-Хяналтыг сайжруулах талаар танай холбоо ямар ажлууд хийж байна.

-Ашгийн бус төрийн бус байгууллагын хувьд манай холбоо харьцангуй санаачилгатай ажилладаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд шаардлагатай стандарт норм, дүрмийг боловсруулж. батлуулсан. Мөн түүнийхээ хэрэгжилтийг идэвхжүүлэх, сурталчлах талаар семинар, зөвлөгөөн, уулзалтуудыг олон удаагийн давтамжтай тогтмол зохион байгуулж ирлээ.

Гэхдээ Монгол хүний сэтгэлгээ, аливаа зүйлд хандах хандлага нь заавал төрийн байгууллагын оролцоог шаардаад байдаг сул талтай. Бид 2009,2011 онуудад өөрсдөө санаачлан салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шинээр баригдаж буй барилгын цонхны чанар болоод стандартын хэрэгжилтэд шалгалт хийхэд 80% нь хангалтгүй дүнтэй гарч байсан.

-Энэ жил үзлэг шалгалт хийх үү ?

-Үзлэг шалгалтыг хийдгээрээ хийнэ. Бид 9 сардаа багтаад төрийн байгууллагуудтайгаа хамтран шинээр баригдаж буй барилгын цонх хаалганы чанарт үзлэг шалгалт хийнэ. Энэ удаагийн үзлэг шалгалт аж ахуй нэгж байгууллагын үүрэг хариуцлага талаас нь нилээн хариуцлагатай байхыг шаардсан байдлаар явагдах болов уу.

Цонх хаалганы үйлдвэрлэлийн хөгжил, дэвшлийг барилгын салбарын удирдлагууд олж харахгүй байх шиг санагддаг.

Хэрэв та МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа л бол хууль, стандарт, норм дүрмийг мөрдөж ажиллах ёстойг шаардаж ажиллана, Хөрөнгө оруулагч, захиалагчид үнэхээр хямдыг сонгоод үйлдвэрлэгчид нийлүүлэлт хийсэн бол хөрөнгө оруулагч, захиалагчидтай хариуцлага тооцно.

Харин хөрөнгө оруулагч захиалагчдын стандарт норм дүрэм, техникийн мэдлэг дутуу байдлыг ашиглан чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлсэн бол цонх хаалга үйлдвэрлэгчидтэй хариуцлага тооцно.

Манайхан хяналт шалгалт гэхээр дарамт гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл ойлголт, бид аль болох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт норм дүрмийн хэрэгжилтийг идэвхжүүлж таныг ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй.

-Цонх хаалганы үйлдвэрлэл эрхлэхийн тулд тусгай зөвшөөрөл авдаг байхаа?

-Барилгын материалын бүхий л үйлдвэрлэл тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс цонх хаалганы үйлдвэрлэл материалын үйлдвэрлэлийн нэг төрөл учир зайлшгүй БМҮ эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулна.

Бэлэн болсон барилгыг улсын комисс хүлээн авахдаа гүйцэтгэгч байгууллагын тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн үзэж, гүйцэтгэлийн хяналтыг тавьж хүлээн авах ёстой. Тиймээс барилгын захиалагч байгууллагууд зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэгч байгууллагаараа сонгож ажиллах шаардлагатай.

-Оныг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан Жайкагийн шугамаар Герман зөвлөхүүд Монголд ирж барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр угсармал барилгуудад хэмжилт судалгаа хийсэн гэдэг. Түүний дүгнэлт нь Монгол улс хуучин барилгынхаа бүх цонх хаалгыг стандартын шаардлага хангасан цонх хаалгаар соливол 5-р цахилгаан станцын хэрэгцээ шаардлага байхгүй гэж яригддаг. Энэ үндэслэлтэй яриа юу, ямар учиртай бэ?

-Та маш ховор мэдээллийг хөндлөө. Энэ судалгааны мэдээлэл маш хаагдмал. Тухайн үед хийсэн судалгаа дүгнэлтүүд үндэслэлтэй, манай холбоо ч энэ дүгнэлтийг олохыг эрэлхийлж байгаа. Барилгын цонх хаалгаар нийт дулааны 30 хувийг алддаг.

Монгол хүний сэтгэлгээ, аливаа зүйлд хандах хандлага нь заавал төрийн байгууллагын оролцоог шаардаад байдаг сул талтай.

Тиймээс дэн өвлийн хүйтэнд чанаргүй цонх хаалгаар ямархуу хэмжээний дулаан алдагддаг, тэр нь улс эх орны эрчим хүчний алдагдалд ямар хэмжээгээр нөлөөлдөг нь маш тодорхой байгаа юм. Үүнийг барилгын салбар, эрчим хүчний салбар, нийслэл хотын удирдлагууд анхаарах асуудал л даа. Өнөөдөр 5-р цахилгаан станцын асуудал дөнгөж эхэлж байна.

Нийслэл хот дулааны хангамж хүрэлцээ муутай, нэмэлт дулааны станц баригдахад цаг хугацаа шаардлагатай байгаа энэ цаг үед барилгын дулааны алдагдлын дийлэнх хувийг бий болгож байгаа цонх хаалгыг стандарт норм дүрмийн шаардлага хангасан цонх хаалгаар солиулах, сайжруулах нь эрчим хүчний алдагдлыг багасгах хамгийн оновчтой гаргалгаа гэж бид үзэж байгаа.

Хоёр Герман улс нэгдэхэд хотын захирагч нь бүх хуучны барилгуудын цонх хаалгыг яг нэг стандартын цонх хаалгаар солиулах шийдвэр гаргаж, хэрэгжиж байсан сайхан жишээг олон улсын барилгын салбар, манай барилгачид ч ярьдаг шүү дээ. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хугацаа ирсэн.

-Хэрэглэгчид гэртээ цонх сонгоход юуг анхаарах вэ?

Нэгдүгээрт: Эрх бүхий байгууллагаас тухайн байгууллагын бүтээгдэхүүний чанарыг шалгаж олгодог тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгах. Тухайн тохирлын гэрчилгээнд MNS5802:2007 стандартын 4.7.1-д заасан дулаан дамжуулалтын эсэргүүцлийн үзүүлэлтийн аль ангиллын шаардлагыг хангасан цонх бэ гэдгийг тодорхой заасан байгаа.

Цонхоо сонгохдоо нэгдүгээрт эрх бүхий байгууллагаас тухайн байгууллагын бүтээгдэхүүний чанарыг шалгаж олгодог тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгах хэрэгтэй.

Жишээ нь: МУ-ын 2-р бүс буюу УБ хотод тавигдах цонхны дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь дээрх стандартын Т1-Т5 үзүүлэлтийн шаардлага хангасан байх. Харин Т9, Т10 үзүүлэлтэй цонх нь олон нийт орон сууцны барилгад тавигдах шаардлага хангахгүй, зөвхөн халаалт шаардахгүй барилгад тавигдах цонхны үзүүлэлт болох жишээтэй.

Хоёрдугаарт: Материалын хувьд хуванцар цонхны араамын өргөн дөрөв ба тав, түүнээс дээш камертай, гурван давхар шилтэй, нугас түгжээ нь 3-5 цэгт түгжигддэг тохируулгатай, резин нь РVС хольцтой биш ЕРDМ, технологийн алдаагүй үйлдвэрлэгдсэн байх нь чухал.

Бас нэг чухал зүйл бол цонхны, суулгалт юм. Суулгалтын стандартад тавьж буй гол шаардлага бол дулаалгын хөөсний гадна болон дотор талд ус чийг, уур тусгаарлагч лент заавал хийхээр тусгасан байдаг. Үүнийг маш сайн харах хэрэгтэй.

Гуравдугаарт: Аж ахуйн нэгжийн туршлага, чадавхийг харах. Ямар ч салбарт туршлага өөрөө чанарыг илтгэдэг шүү дээ. Тиймээс энэ чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай бас буух эзэн буцах хаягтай үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь чухал.