Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн
2013.09.06

Б.Эрдэнэсүрэн: "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-нд 15500 өрх хамрагдана

Үндэсний статистикийн хорооноос 10 дугаар сарын 1-нээс эхлэн "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-г эрхлэн явуулах гэж байна. Тус судалгааг таван жил тутам зохион байгуулж байхаар хуульчилсан бөгөөд судалгааны бэлтгэл ажил эхэлжээ.

МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн зочноор Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн оролцлоо.

-"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-наас улс орны эдийн засаг хөгжлийн бодлогод хэрэгтэй ямар ямар үзүүлэлтүүд гарна гэж хүлээж байгаа вэ?

-Дэлхийн аль ч улс орны анхаарлын төвд хүүхдийн хөгжил, нөхөн үржихүй, хүн амын эрүүл мэндийн асуудал байдаг. Энэ асуудал одоо ямар түвшинд байна. Цаашид ямар асуудал байгааг тодруулахын тулд улс орнууд янз бүрийн чиглэлийн судалгаа явуулдаг.

Манай улсын хувьд 1996 оноос хүүхэд хөгжлийн судалгааг дөрвөн удаа, 1998 оноос нөхөн үржихүйн судалгааг гурван удаа явуулсан. Бид энэ судалгаануудыг нэгтгэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг явуулах гэж байна. Энэ бол улсын хэмжээний маш том судалгаа.

Гол нь иргэдийн идэвхтэй оролцооноос судалгааны үр дүн хамаарна.

Энд санамсаргүй түүврээр нийслэл, бүх аймаг, сум, багаас сонгосон 15500 өрх айл хамрагдана. Гол нь иргэдийн идэвхтэй оролцооноос судалгааны үр дүн хамаарах бөгөөд судалгаанаас гурван том мэдээлэл бий болно.

Хүүхдийн өсөлт хөгжил, хүн амын нөхөн үржихүй, нийгмийн үзүүлэлтийн үр дүнг дэлхий нийтийн хэмжээгээр тооцохтой холбоотой үзүүлэлтүүд.

Улсын хэмжээнд явагдах уг судалгаанд иргэд идэвхитэй оролцож, үнэн зөв хариулт өгвөл, төр засгийн бодлого, бодлого боловсруулагчдын үйл ажиллагааны маш чухал баримт бичиг, мэдээллүүд гарч ирнэ.