УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.08.29

Гадаад ажилчдын тоо 4000 орчмоор буурчээ

Манай улсад 30 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, Хятадаас голдуу авчирдаг гадаад ажилчдын тоог 4000 орчмоор бууруулжээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд энэ жил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин илүү хүнийг сургаж, ажилд зуучлах зорилтыг холбогдох албаныхан тавьж байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Бодлогын зорилтын хүлээгдэж буй үр дүнгийн хувьд бид 150 мянган ажлын байраа 2013, 2014, 2015, 2016 он гэж хуваан, 2015 оны төгсгөл гэхэд 150 мянган ажлын байр бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 3950, сум хөгжүүлэх сангаас 4000, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чиглэлээр 7100, бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажлаар 34281 ажлын байрыг бий болгохоор төлөвлөсөн.

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр 6925 хүнийг бэлджээ.

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжин, хоёр удаагийн сургалт явагдсан. Энэ жилийн хувьд 6925 хүнийг бэлдсэн. Сургалтыг 10 сарын хугацаатай байсныг богиносгон танхимд хоёр сар, ажлын байранд гурван сарын дадлага хийлгэн сар бүр 190000 төгрөг өгч ажиллуулсан гэлээ.

Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 тэрбумд, сум хөгжүүлэх сангийн мөнгийг нэг сумын 150 саяд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна.