Үндэсний мэргэжилтэй ажилтнуудаа «үйлдвэрлэсэн» нэг жил
Н.Алтанхуягийн Засгийн газрын амин судас бол Хөдөлмөрийн яам. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол заалт болох ажилтай орлоготой Монгол хүнийг тус яам бий болгох үүрэгтэй. Тиймдээ ч УИХ-ын сонгуулийн үр дүнгээр засаг барих эрхээ авсан даруйдаа Ардчилсан нам Хөдөлмөрийн яам шинээр байгуулна хэмээн зарласан юм.
Засгийн газар ийн зарласан даруйдаа байгуулсан Хөдөлмөрийн яам монголчуудыг бултаар нь ажилтай орлоготой, амьжиргаа нь баталгаатай болгох ёстой. Харин өнгөрсөн 365 хоногийн хугацаанд энэ зорилгынхоо хаана нь Хөдөлмөрийн яам хүрч очив.
Нэг жилийн ойн босгон дээрээ “Оюутолгой” компанийн 1700 хүн ажилгүй боллоо гэх тааруухан мэдээ авсныг эс тооцвол энэ яам чамлахааргүй ажил хийсэн. Эхний ээлжинд үндэсний мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон.
Бидний хэлж заншсанаар ТМС буюу техник мэргэжлийн сургуульд таагүй дүнтэй, тааруухан хүмүүжилтэй айлын хүүхдүүд ордог гэх ойлголт ард хоцорч, хүний гар харалгүй хүн шиг амьдрах гэсэн хүсэлтэй нь сонгодог болов. Аливаа зүйл хэрэгцээгээ дагадаг.
Өнгөрөгч хичээлийн жилд МСҮТ-үүдэд нийт 27371 элсэгч элсэн оржээ.
Манайх шиг үйлдвэржиж, уурхайжиж, бас барилгажиж буй оронд цагаан захтай, улаан дипломтой, дээд боловсролтонгоор дутаагүй. Харин сайн токарчин, цахилгаанчин, цаашлаад барилгын инженер, том тэрэгний жолооч... үгүйлэгдэж буй.
Өнгөрөгч хичээлийн жилд МСҮТ-үүдэд нийт 19607 элсэгч элсэн орсон бол “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 7764 элсэгч нэмэгдэж нийт 27371 болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн хувьд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд нийт 26 мянган элсэгч элсүүлэх хяналтын тоог өгөөд байгаа гэнэ.
Гэхдээ энэ олон мянган ажиллах хүчийг сохроор бэлдээгүй. Ажил олгогчдын захиалга, ирээдүйд бий болох ажлын байрны эрэлт дээр үндэслэн үндэсний мэргэжилтнүүдээ “үйлдвэрлэж” байгаа. Улсын хөгжлийг дундаж давхаргынхан тодорхойлдог хэмээдэг.
Тиймдээ ч жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг энэ удаагийн Засгийн газар тодорхой дэмжиж буй. Түүнчлэн хөдөлмөрлөж, баялаг бүтээх хүсэлтэй ч банкны зээлийн босго давж чадахгүй байгаа мянга мянган иргэдээ ч “харж үзэж” байна. Өөрөөр хэлбэл зээлийн батлан даалтын сангаар дамжуулан төр тэдний өмнөөс банкинд барьцаа гаргаж байна.
Залуучуудад Солонгос улс сонин биш болж, тэд эх орондоо ажиллаж, амьдрахыг илүүд үзэх болжээ.
Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчид болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд томоохон түлхэц болж байгаа. Саяхныг хүртэл Солонгост ажиллах Монгол иргэдийн бүртгэл гэж картын барааны үеийг санагдуулам боддог байлаа.
Солонгос гэх харь оронд хар ажил хийх квотод багтах гэж хоёр гурван хоногийн өмнөөс ирж, хонон өнжин дугаарладаг байлаа, монголчууд.. Харин энэ жилээс өмнөх жишиг давтагдсангүй.
Өөрөөр хэлбэл залуучуудад Солонгос гэдэг улс сонин биш болж, тэд эх орондоо ажиллаж, амьдрахыг илүүд үзэх болсон байна. Энэ нь ч хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны үр дүнг илтгэх нэг үзүүлэлт биз.