МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.08.21

Хөрөнгө оруулалт гацаанд орсноос ажилчдын ар гэрт хүндрэл үүсэх ёсгүй

Манай өнөөдрийн тодруулга буланд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байна.

- Одоогийн байдлаар нийгэмд Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдөж байна. Үүнийг дагаад олон тооны ажилчид халагдсан гэх мэдээлэл байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна бэ?

МҮЭ холбоо, Оюутолгой компанитай холбоотой хоёр чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Нэгт хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, хоёрдугаарт хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын баталгааны асуудал юм.

Оюутолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан. Оюутолгой компани маш олон тооны туслан гүйцэтгэх компанитай гэрээтэй ажилладаг. Яг Оюутолгой компаниас 63 хүн халагдах мэдэгдэл авсан. Энэ мэдэгдэл бол хуулийн дагуу сарын дараа ажилгүй болох асуудал үүсээд байна.

Өнөөдөр МҮЭХ туслан гүйцэтгэх гэрээтэй байгууллагатай холбоо тогтоож уулзсан. Тэдний нэг компани л гэхэд 700 ажилчинтай үүнээс 300 –д нь халагдах бичиг өгсөн байна. Тэгэхээр нэр бүхий бусад компаниудад хичнээн хүн халагдах байдалд оров гэдгийг тодруулахаар  хөдөлмөрийн яам, Оюутолгой компанид хоёр дахиа хандлаа.

Үйлдвэрчний эвлэлийн холбоо цаашид ямар арга хэмжээ авах гарцаа хайж байна. Дам яриагаар 2000 орчим хүнд халагдах мэдэгдэл өгсөн гэсэн мэдээлэл байгаа. Эдгээр хүмүүсийн асуудлыг зүгээр орхихгүй. Бөөнөөр нь халж байгаа асуудлыг тухайн компани ажилчдын төлөөлөл буюу үйлдвэрчний эвлэл, оюутолгой компани, туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй хамтран хэлэлцээрт орох ёстой.

Оюутолгой компани

Ямар шалтгаанаар халах болсныг тодруулж, ажлаас гэнэт халагдсаны төлбөр цаашид ажлын байрны баталгаа байгаа эсэхийг ярилцах ёстой. МҮЭХ хөдөлмөрийн хуулийг баримталж ажилтны нийт төлөөлөл болсон үйлдвэрчний эвлэлтэй хамтран хэлэлцээрт орох санал тавьж байгаа.

Туслан гүйцэтгэгч компани ажилтнаа халж байгаа мэт боловч Оюутолгой төсөлтэй шууд холбоотой учир оюутолгой компани Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй шууд холбохоос өөр аргагүй байдалд орлоо.

-Хамгийн гол нь хариуцлагыг хэн хүлээх бэ? Халагдсан ажилчдын нөхөн олговрыг хэн хариуцах нь бүрхэг байна?

Туслан гүйцэтгэгч зарим компани ажилтантай нөхөн олговор олгох талаар хувьчлан тохиролцоод байна. Гэтэл ажилтны төлөөлөлтэй хийх ёстой. Тэгэхээр зарим компани өгөхгүй байх боломжтой эрсдэл байгаа учир хэлэлцээрт орох саналыг тавьж байгаа.

Хөрөнгө оруулалт гацаанд орсноос болж ажилчдын ар гэрт хүндрэл үүсэх ёсгүй. Энэ талаар тодорхой болгож өгөхийг хөдөлмөрийн яаманд тавьж байна. Бүр цаашлаад Оюутолгой компанид шаардлага болгон тавихаас өөр арга байхгүй.