1050 ажилгүй иргэн хүнсний ногоо тариалах гэрээ авчээ
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттай газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр ”-ийг 2 жил амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд 1050 эмзэг бүлгийн, орлого багатай, ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, чадавхижуулан орлоготой болгоод байгаа юм. Тус хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тарвагатайн аманд хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан 53 бүлэгт төмс хүнсний ногоо тариалах газрыг олгох эрхийн бичиг гардуулах арга хэмжээг 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Т.Батдорж, Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг болон албаны хүмүүс оролцож эрхийн бичгийг гардуулан өглөө. Энэхүү эрхийн бичиг нь 5 жилийн хугацаатай юм.