Д.Ганхуяг: Би “Оюутолгой”-н асуудлаарх Монголын байр cуурийг илэрхийлж болохгүй
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Рио Тинто" компанийн Зэсийн группийн ерөнхий захирал Жин Себастиан Жасттай уулзаж зэсээ экспортод гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор манай улсад оруулах дараагийн санхүүжилтийн асуудлыг хөндөнө хэмээж байсан.
Тэгвэл тэд энэ долоо хоногийн эхээр уулзсан аж. 2010 онд баталсан "Оюутолгой” компанийн ТЭЗҮ-д зааснаар тус компани танай улсад өгөх дараагийн санхүүжилтээ үйл ажиллагааны орлогоосоо хийнэ гэсэн заалт байдаг аж.
Уулзалтаас ямар үр дүн гарсан хийгээд “Рио Тинто” компани монгол ажилчдаа халсан асуудлаар ямар бодолтой байгааг тодрууллаа.
-Та “Рио Тинто” компанийн Зэсийн группын ерөнхий захирал Жин Себастиан Жасттай уулзсан гэсэн. Ямар үр дүн гарав?
-Жин Себастиан Жаст захиралтай төлөвлөсний дагуу уулзсан. “Рио Тинто”-ийн зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын дараагийн санхүүжилтийн асуудлыг ярилцъя гэсэн байдалтай байна.
ТУЗ-ийн хурал дээрээ далд уурхайнхаа бүтээн байгуулалтыг зогсооё гэсэн шийдвэр гаргасан байна билээ.
-Далд уурхайгаа зогсоож 2000-аад монгол ажилчныг халсан байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Мөнгөгүй учраас гэсэн шалтгаан хэлж байгаа. Энэ нь чухам хууль дүрэмд нийцэж байгаа ч юм уу, үгүй юу. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар энэ асуудлыг яриад л байна.
Ер нь энэ талаар "Оюутолгой”-н ТУЗ-ийнх гишүүдээс асуухад мэдэж байгаа байх. Миний хувьд яг одоо Монголын байр суурийг илэрхийлж болохгүй байна.
-Монголын талын байр суурь хэзээ тодорхой болох вэ?
-Удахгүй тодорхой болох байх. “Рио Тинто”-ийн зүгээс уулзаж ярилцъя гэсэн л байр суурьтай байгаа.