Уул уурхайн сайд өнөөдөр «Рио Тинто»-гийн Зэсийн салбарын захиралтай уулзана
“Рио Тинто”-гийн Зэсийн группийн ерөнхий захирал Жин Себастиан Жакт өнөөдөр манай улсад ирнэ гэсэн мэдээлэл байна.
Хэрэв тэрбээр манай улсад ирвэл хамгийн түрүүнд Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзах ажээ. Тэд уулзалтынхаа үеэр олон чухал асуудал хөндөх бөгөөд түүнээс хамгийн чухал нь манай тал уналтад ороод буй эдийн засгаа аврах гарцыг энэ үеэр хайна гэсэн мэдээлэл байгаа юм.
Учир нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг нэлээд хэд хоногийн өмнө “Рио Тинто” группийн Зэсийн группийн захиралд захидал илгээсэн аж. Ингэхдээ нэгэнт тус компани зэсээ экспортлоод эхэлчихсэн учраас манай улсад оруулах дараагийн санхүүжилтийн асуудлыг хөндөх нь зүйтэй гэж мэдэгдсэн гэцгээж байна.
Мөн ингэх хууль эрхзүйн үндэслэл байгаа тухай албаны хүмүүс хэлсэн бөгөөд 2010 онд “Оюу толгой” компанийн ТЭЗҮ- ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Энэ ТЭЗҮ-д зааснаар тус компани дараагийн санхүүжилтээ үйл ажиллагааны орлогоос хийнэ гэчихсэн учраас манай тал яаравчлан ширээний ард суух нь зүйтэй” гэж үзэн дээрх захидлыг илгээсэн гэцгээж байна.
Түүнчлэн энэ тухай Уул уурхайн сайд “Оюутолгой”-гоос авах дараагийн санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын Компанийн тухай хуулиар тус компанийн ТУЗ шийдвэрлэх бүрэн эрхтэй. ТЭЗҮ бол хөрөнгө оруулалтын гэрээний гол хэсэг нь.ТЭЗҮ-д Оюутолгойн одоогийн үйл ажиллагааны орлогоос дараагийн санхүүжилтийг хийнэ гэсэн заалт бий.
Энэ ТЭЗҮ-д өөрчлөлт оруулаад, нэгэнт зээл аваад, далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдасгая гэж байгаа бол Монгол Улсын Засгийн газар дэмжих болно гэж хэлснийг зарим хэвлэл онцолсон байна.