Оюу толгойн зэсийн баяжуулах үйлдвэр
2013.07.16

Зэсийн баяжмал гадаадын зах зээлийг зорьлоо

2013 оны долдугаар сарын 9-ны энэ өдөр Оюутолгойн баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэгдсэн зэсийн баяжмалыг гадаадын зах зээлд нийлүүлсэн нь Монгол улсын гадаадын зах зээлд бичигдэн үлдэх томоохон үйл явдал болсныг засгийн газрын тэргүүн онцолж байлаа.

Нийт 576 тонн зэсийн баяжмал тээвэрлэсэн таван ачааны машин ийнхүү гашуун-сухайтын боомтыг зорьсон юм.

Өнөөдрөөс эхлэн ачилт хийгдэн явж байгаа гэдэг нь цаашдаа тасралтгүй явах боломжтой гэсэн үг. Дэлхийн нийтэд Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаддаг, хамтарч ажиллаж чаддаг гэдгийг харуулж байгаа үйл явдал болж байна хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Оюу толгойн Зэсийн баяжуулах үйлдвэр

Ийнхүү зэсийн баяжмал үйлдвэрлэж гадаадын зах зээлд нийлүүлэх хүртэл 12 жил зарцуулсан бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед уул уурхайн салбарын экспорт 30-40  хувиар нэмэгдэх юм байна. Энэ мэтчилэн 100 жил ажиллах нөөцтэй юм.

УИХ-ын гишүүн, уул уурхайн сайд Д.Ганхуяг "Үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийнхээс 12 сая тонноор буюу 1.5 дахин их юм. Цаашид Оюу толгойн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 54 сая тонн хүдэр боловсруулдаг болгох төлөвлөгөөтэй яваа хэмээн онцоллоо.  

Зэсийн баяжмалыг гашуун-сухайтын боомтоор хил гаргаж байгаа нь тээврийн зардал болон цаг хугацаа хэмнэсэн хэрэг. Түүнчлэн тус бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэхээр гурван компанитай гэрээ байгуулсан бөгөөд зэсийн баяжмалын 75 хувь нь тухайн үеийн гэрээ хийсэн үнэ ханш, 25 хувь нь бүтээгдэхүүн нийлүүлэгдэх үнэ ханшаар худалдахаар тогтжээ.