С.Ганбаатар: “Оюутолгой” үрэлгэн менежментээсээ болоод мөнгөгүй болчихсон
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр '‘Оюутолгой’’ компанид шалгалт хийх УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
-“Оюутолгой” компани баяжмалаа гаргах гэж нэлээд удсаны эцэст гаргалаа. Хэд хэдэн удаа баяжмал гаргах тов тогтоож байсан ч хойшлуулсан. Хойшлуулж байгаа тухайгаа Засгийн газраас шалтгаалж байгаа гэж тайлбарласан. Харин Засгийн газар болохоор “Оюутолгой” компаниас болж байна гэж байлаа. Яг алинаас нь шалтгаалаад хойшлоод байсан юм бэ. Та энэ талаар судалж үзсэн үү?
-"Оюутолгой” Монголын Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргаж, мэдэгдэл хийж болохгүй. Тус компани энэ асуудал дээр харилцааны ёс зүйн маш том алдаа гаргасан. Баяжмалынх нь экспортыг Засгийн газар хойш нь татаагүй. Харин “Оюутолгой” өөрөө мөнгөгүй болчихсон.
Энэ компанийн менежмент нь хэтэрхий үрэлгэн. Үрэлгэн менежментээсээ болоод мөнгөгүй болчихоод зээл хайж байгаа компани. Засгийн газар гэрээнд заасан шаардлагаа тавьсан.
Тухайлбал, бид нэг тал юм бол бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ бидэнд үзүүлээч гэдэг шаардлага тавьсан. Би энэ гэрээнээс гадна олон гэрээг нь үзэх шаардлага тавьж байсан. Нийтдээ 17 гэрээ байдаг. Үүнээс найман гэрээг нь бид үзэх хэрэгтэй байна.
Тухайлбал, цахилгаан худалдан авах, баяжмалаа худалдах, техник технологи, тоног төхөөрөмжөө худалдан авсан, бэлтгэн нийлүүлэгч компанитай хийсэн гэрээгээ ил тод байлгахгүй байгаа нь тэдний алдаа. Эдгээр гэрээг асуусны төлөө Монголын талыг буруутгана гэдэг байж боломгүй ёс зүйн том алдаа.
-Баяжмалаа худалдаж олсон мөнгөө гадаадад байршуулна гэсэн заалт гэрээнд байдаг юм уу?
-Тийм ээ. Байгаа.
-Анхнаасаа ийм гэрээ байгуулчихаад одоо өөр шаардлага тавьж байгаагаараа харин ч манай тал ёс зүйгүй байгаа юм биш үү?
-Тэгэлгүй яахав. Бидний буруу. Би үүнийг зөндөө хэлдэг шүү дээ. Энэ бол гэрээ байгуулсан хүмүүсийн алдаа. Гэхдээ энэ алдаатай гэрээг засч болохгүй гэсэн бурхны зарлиг байхгүй шүү дээ.
Энэ гэрээг засч, залруулъя. Дахин ярилцъя, манай талаас гэрээ байгуулсан хүмүүс Монголын эрх ашгийг дэндүү хямдхан худалдсан байна. Тиймээс та нартай дахин ярилцъя гэж хэлэх эрх нь бидэнд бий.
-Та “Оюутолгой” мөнгөгүй хэцүүдэж байна гэлээ. Үүнийгээ яаж нотлох юм бэ. Энэ том компани мөнгөгүй болчихсон гэхээр зарим хүнд үнэмшилгүй санагдах байх.
-Та нар “Оюутолгой” компанийн вэб сайт руу ороод үзээрэй. Дөрвөн тэрбум ам.доллар олох гээд өдөр шөнөгүй хайж байгаа. Энэ мөнгийг ямар нөхцөлөөр хаанаас зээлэх гэж байгаа нь монголчуудад чухал. Яагаад гэвэл, бид дараа нь энэ өрийг төлөлцөнө.
Манай талаас гэрээ байгуулсан хүмүүс Монголын эрх ашгийг дэндүү хямдхан худалдсан.
Мөн энэ компани Монголын зах зээл дээрхээс хэд дахин өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдээсээ авсан. Үүнийг л менежментийн алдаа гэж хэлээд байгаа юм. Үүнийг нь нотолсон маш олон баримт надад бий.
“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж, энэ бүхнийг нягтлах ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулсан. Эхний буюу ажлын хэсгийнхээ удирдамжийг танилцуулах уулзалт хийх гэсэн боловч хойшлуулах санал гаргасан.
-Таны үзэж байгаагаар “Оюутолгой” компани их хэмжээний мөнгийг яагаад хайх болов?
-Үүн дээр би маш их дэлгэрэнгүй зүйл ярина. Гэхдээ ярих цаг нь болоогүй байна. Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа Монголын ард түмэнд би дэлгэрэнгүй танилцуулна. Би өөртөө байгаа бүх мэдээллээ иргэдтэй хуваалцах үүрэгтэй гэж бодож байна.
-Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн удирдамжид “Оюутолгой” компанид яаж ажиллана гэж заасан байгаа вэ?
-Гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, зарласан тендер, гаалийн болон бусад татварыг нь шалгаж, гаргасан дүгнэлтээ намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороонд тайлагнах юм.