Д.Ганхуяг: Экспортын орлогыг 2016 онд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгааг эдийн засагчид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбон тайлбарлаж байгаа. Энэ ч үүний ортой байх. Үүнд нөлөөлж байгаа гадаад, дотоод хүчин зүйл юу байгаа вэ?
-Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн. Энэ нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойшхи хамгийн сул үзүүлэлт гэж хэлж болно. Өнгөрсөн оны мөн үед ДНБ 14.6 хувиар өссөн үзүүлэлттэй байсан.
Эдийн засгийн өсөлтийн эрч саарч буй ч, өсөлтийн далайц нь дэлхийн ихэнх орнуудын өсөлтийн дунджаас өндөр хэвээр байгаа. Дэлхийн орнуудын дундаж гурав хүрэхгүй хувьтай байгаа, зарим орных бүр хасах үзүүлэлттэй гарч байна. Манай эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарахад БНХАУ-ын эрэлт буурч нүүрсний үнэ 40 гаруй хувиар унасантай холбоотой.
-Энэ байдал хэдий хугацаанд үргэлжилэх бол?
-Ирэх саруудад эдийн засаг өсөх хандлагатай байна. Тухайлбал, Оюутолгой ХХК энэ жил 300 мянган тн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор 1.0 орчим тэрбум ам.долларын орлого олох боломжтой.
Түүнчлэн Чингис бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд дэд бүтцийн салбар болон бусад бодит секторуудын үйлдвэрлэлийг тэтгэх болно. Мэдээж хэрэг мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтын өгөөж нь эдийн засагт бодитоор нөлөөлөхөд тодорхой цаг хугацаа шаардагдана.
Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр ч эдийн засагт бодитоор нөлөөлөх нь гарцаагүй. Оюутолгой компанийн экспорт, Чингис бондоор санхүүжигдэх шинэ төслүүдийн цар хүрээгээр манай ДНБ тэлж, улмаар манай улс өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч байр сууриа бататгах бүрэн бололцоотой гэж үзэж байна.
-Эдийн засагчдийн үзэж буйгаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жилд буурах хандлагатай байгаа гэж ярих болж. Энэ таагүй мэдээ манай улсын эдийн засгийг улам хүнд байдалд оруулж мэдэх юм?
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ
-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жилд буурах хандлагатай байна. Ялангуяа нүүрсний хувьд бараг хоёр дахин унажээ. Өнөөдөр уул уурхайн салбар эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь мөн түүнчлэн экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа.
Энэ дотроо нүүрс, жонш гэх зэрэг цөөн нэр төрлийн ашигт малтмалын гадаад зах зээл дэх үнийн уналтаас үүдэн “нийт эдийн засаг хямарч байна” гэж хий сандрахаасаа илүүтэйгээр хэт халсан эдийн засаг маань аажмаар хөрч, өсөлтийн хэвийн, тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой.
-Танай салбарын бодит үйлдвэрлэл бас борлуулалт ямар байгаа бол. Мөн 2013 оны төсвийн байдал ямар байна вэ. Яавал бид баялгаа үнэ хүргэж зарж чадах вэ?
-Ирэх саруудад Оюутолгойн үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст зэсийн экспортын хувьд ихээхэн хэмжээний өсөлтийг үзүүлэх бодит боломжтой. Молибден, цайр, төмөр гэх зэрэг ашигт малтмалын хувьд экспортын хэмжээ зарим өнгөрсөн оны түвшиндээ, зарим нь багагүй хэмжээний өсөлттэй байна.
Харин газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биетээр болон мөнгөн дүнгээр бараг хоёр дахин өсчээ. Нүүрс болон жоншны хувьд байдал хүнд байна.
Өмнөх оны эхний долоодугаар сарын байдлаар 10 сая тн нүүрс экпортолж, 1.1 тэрбум долларын орлого олсон бол энэ оны байдлаар найм орчим сая тн нүүрс экспортолж, 582 сая долларын орлого олжээ.
Нүүрсний экспорт энэхүү биет хэмжээгээр 20 гаруй хувиар, харин үнийн дүнгээр хоёр дахин унажээ. Жоншны хувьд ч экспорт нь биет хэмжээгээр болон үнийн дүнгээр 20 гаруй хувийн уналттай байна. 2013 оны тухайд Шинэчлэлийн Засгийн газар, гол нь баялаг бүтээгчид “хоёр эзний нэг албат” лугаа адил үүрэг гүйцэтгэж байна.
Нэг талаас өмнөх Засгийн үед буй болсон өр (Оюу толгойн 250 сая ам.доллар, Тавантолгойн 350 сая ам.доллар, Эрдэнэтийн 200 сая ам.долларын урьдчилж авсан зээлийг)-ийг барагдуулах, нөгөө талаас улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бодит байдал нь энэ. Тэрнээс бурууг бусдад егч, асуудлыг шийдэхгүй гэсэн санал, зорилго байхгуй. Энэ байдлыг давж гарах болно.
Цаашид экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалынхаа боловсруулалтын тувшинг олон улсын түвшинд хургэж нэмүү өртөг шингээх, тээврийн өртөг зардлыг бууруулах, экспортын бутээгдэхүүнд худалдан авагч орон, компаниудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, транзит тээврийн асуудлыг шийдэх зэргээр энэ салбарын өрсөлдөх чадварыг тууштай дэмжсэн бодлого баримтална.
Тээврийн зардал Австрали улсаас хоёр дахин их байна. Иймээс төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Жоншны хувьд технологийн шийдлийг сайжруулах, мөн борлуулалтын шинэ суваг нээх шаардлагатай байгаа.
Урт хугацаанд олборлох салбар дотроо экспортыг төрөлжүүлж зөвхөн нүүрс, зэснээс хараат байдлыг багасгаж, газрын ховор элемент, уламжлалт бус газрын тос гэх зэрэг шинэ салбаруудад хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжих болно.
-Энэ онд манай уул уурхайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурсныг Шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй уул уурхайн салбарын бодлоготой холбон тайлбарлах болсон. Энэ нь ямар хүчин зүйлээс шалтгаалсан юм бэ?
-Энэ засгийн газар хөрөнгө оруулалтыг боймоолсон нэг ч хуулийн төслийг УИХ-аар батлуулаагүй. Харин ч стратегийн ач холбогдол бухий салбарттай холбогдох эрх зүйн орчинг хөрөнгө оруулагчдад нийцтэй байдлаар сайжруулсан.
Өмнөх жилүүдэд Монгол улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байсан Оюутолгой төслийн эхний үе шат 2013 онд дууссан. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсан дүн гарах нэг шалтгаан болсон.
Гэсэн хэдий ч газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой болон бусад уурхай даган босох цахилгаан станцууд, нүүрс баяжуулах, мөн боловсруулах үйлдвэрийн төслүүд, занар болон нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилтай холбоотойгоор шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хандлагатай байна.
Манай улсын зүүн бүст нөөц өндөр байх магадлалтай газрын тосны илрэл бүхий хураагуур шинээр олдож, хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр болж байгаа нь нэгэн бодит жишээ юм. ЭЗХЯ болон Монголбанкны мэдээлэлд тулгуурлан зарим нэг шинжилгээ хийж үзлээ.
Монгол Улсад 2013 оны эхний хагасын байдлаар нийт 961 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан дүн байна. Олборлох салбарын хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ.
Гэтэл бусад салбаруудад орсон шууд хөрөнгө оруулалт хэд дахин буурсан байна. Эндээс үзэхэд хөрөнгө оруулалт буурч буй нь зөвхөн уул уурхайн салбарын хүндрэл биш, нийт эдийн засгийг хамарсан үзэгдэл болох нь тодорхой байна.
-Оюутолгойн төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Үүнээс болж тус ордын далд уурхай үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн гэсэн мэдээлэл байсан?
Улсын төсвийн хөрөнгө оруулалт
-Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэсэн хэдий ч гэрээний хэрэгжилт, биелэлтэд хувь нийлүүлэгчдийн хооронд нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай асуудлууд бий.
Жишээ нь, Техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь Монголын талын өгөөжийг бууруулах эрсдэлийг бий болгож байна. Засгийн газрын хувьд энэ төслийг аль болох зардал багатай, өндөр үр ашигтай байлгахыг зорин ажиллаж байна.
Дараагийн шатны буюу далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдолтой санхүүжилтийн асуудлыг Оюутолгой ХХК-ийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал ойрын уед шийдвэрлэнэ.
Ер нь, ТУЗ болон ХН-ийн хурлын шийдвэр хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид ягштал нийцэж байх учиртай. Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай заасан байгаа.
-БНХАУ-ын Чалко компанитай алдагдалтай гэрээ байгуулсан гэдэг нь хэдий тодорхой болсон. Тэгвэл энэ гэрээг байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудал нэг хэсэг сөхөгдөж байсан ч одоо таг боллоо. Энэ компанийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Тавантолгой гэж уг нь сайхан орд гэж байснаа одоо хэрүүлийн алим шиг харагддаг болж?
-Манай өвөг дээдсээс бидэнд өвлөн үлдээсэн баялаг /орд/ буруугүй. Гагцхүү урьдчилгаа нэртэй зээл авч бодлогогүй тараасан явдалд асуудлын нэгэн учиг байгаа гэдэг нь хун бүхэнд ойлгомжтой. Энэ асуудлын буруутныг хайж цаг алдахын оронд тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газар эрчимтэй ажиллаж байна.
2013 оны наймдугаар сараас БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу он дуустал Зуун Цанхиасаа нийт 4.5 сая тонн орчим нүүрс Чалко компанид нийлүүлж үлдсэн 170 сая ам.долларын зээлийн өрийг бүрэн дарахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ Баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулж гурав орчим сая тн нүүрсийг экспортолсноор 200 гаруй сая ам.долларын экспортын орлогыг нэмж оруулна.
2013 онд уурхайн үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ /гүнийн гааль, захиргаа, гадны оператор/ авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний олборлолтын өөрийн өртгийг 24 хувиар бууруулж 19 ам.долларт хүргэх зорилт тавин хэрэгжүүлж байна. Түүнчлэн Тавантолгойн нүүрсний экспортын хэмжээг 2013 онд гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Уул уурхайн салбарын хэтийн зорилтыг та цөөн үгээр танилцуулахгүй юу?
Ийнхүү замбараагүй, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалтаар тааруу, урсгалаараа хөгжиж ирсэн уул уурхайн салбарыг нийгэм, байгаль орчин, эдийн засагт ээлтэй болгон хөгжүүлэх талаар олон ажил хийгдэж байна.
Цаашид ч үргэлжлэх болно. Тухайлбал энэ салбарт эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих замаар өрсөлдөх чадварыг сайжруулах болно.
Цаг зуурын хүндрэл бэрхшээлийг туулахад уламжлалт найрсаг харилцаатай түнш орнуудтай төрөл бүрийн түвшинд хийх уулзалтыг эрчимжүүлнэ. Ялангуяа нүүрсний экпортыг харилцан ашигтай хөхиүлэн дэмжих талаар өмнөд хөршийн Засгийн газартай тодорхой уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулна.
Монгол Улсын экспортын хэмжээг 2016 онд гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилтын хүрээнд нэн тэргүүнд доорх багц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. ХАА, Уул уурхай (эрчим хүч), тээвэр ба үйлчилгээ гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ эрчимтэй хөгжүүлэх эдийн засгийн тогтвортой хөгжлийн товчхон стратегийг боловсруулж хэрэгжүүлэх.
Зэс “Оюутолгой 34%+ эрдэнэт 51%= компани байгуулж хөрөнгийн зах зээлд гарч санхүүжилт босгох, 34 ба 51 % буурахгуй, зэс хайлуулах үйлдвэрийг барьж дагавар, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах”, нүүрс, төмөрлөг, жонш, газрын ховор элемент хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх,
бүтээгдэхүүний боловсруулалтыг олон улсын тувшинд хургэж нэмуу өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авагч орон, компаниудын өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, тээврийн зардлыг бууруулж транзит тээврийн асуудлыг шийдэх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордыг хурдан эргэлтэнд оруулах,
цахилгаан эрчим хүч болон органик хунсний бутээгдэхуун экспортлогч, менинефтийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох, Импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, түүнийг орлох дотоодын бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Тухайлбал хоёр сая тн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтад оруулснаар жилд дунджаар гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг 700 сая орчим ам.доллараар бууруулна.
Уул уурхайн салбарт үндэсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Оюутолгойн үйлдвэрлэл, экспортыг төлөвлөснөөр явуулж, дараагийн санхуужилт болон бусад асуудлыг хурдан шийдэх ёстой.