Уул уурхайн сайд Д.Ганхуяг жоншны үйлдвэрлэлтэй танилцжээ.
2013.08.15

Монгол жоншны үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог

Манай улс сүүлийн 10 гаруй жил газрын эрдэст ашигт малтмалаа бүх төрлөөр нь олборлож ирсэн ч нарийн хяналт, зохицуулалт төдийлөн хангалттай байгаагүй. Тиймд уул уурхайн яам ашигт малтмал тус бүртээ бодлого боловсруулан ангилж, хөгжүүлэхээр бэлдэж байгаагийн нэг нь жоншны салбар болж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн амралтын өдрүүдэд жоншны үйлдвэрлэлтэй танилцжээ.

Д.Ганхуяг сайд хэлэхдээ, Зах зээлийн нийгэмд аж ахуйн нэгж ашигтай ажиллахгүй бол амьдрахгүй. Ажилчдын асуудал, нийгмийн асуудал байна. Тиймд хоёр хөрөнгө оруулагч зах зээл олох, үйлдвэрээ ашигтай ажиллуулахад анхаарч ажиллана гэж ойлгож байгаа.

Засгийн газраас эрдэс баялгийг олон улсын стандартын түвшинд боловсруулж гаргахад дэмжиж ажиллана.

Манай Засгийн газраас эрдэс баялгийг олон улсын стандартын түвшинд боловсруулж гаргах санхүүжилт, хил боомтын бодлогоор дэмжиж ажиллах болно. Бодлогоо гаргаад, аж ахуйн нэгжүүдээрээ тойроод явж байна. Төр хувийн хэвшил гэж ялгахгүй гэлээ.

Манай орны хувьд хайлуур жоншны нөөц, экспорт, чанарын агууламжаараа дээгүүрт ордог ч зах зээл хязгаарлагдмал байгаа нь гол асуудал болоод байна.

Тодруулбал, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн жоншны экспорт хойд хөршийн хоёрхон үйлдвэрээс хамааралтай болсон нь өөрийн өртөг өндөртэй боловсруулсан бүтээгдэхүүнээ хямдаар зарах, үгүй бол үйлдвэрлэл зогсоход ойрхон байгааг хэлж байлаа.