Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.08.13

Ц.Отгонбагана: Бид бүх хүүхдийг цэцэрлэгт хүлээж авч чадахгүй

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болоод их засвар хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 25 гэхэд бүгд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 50 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болоод их засвар хийгдэж байна гэсэн. Ажлын явц хэр байна вэ?

-Сургууль, цэцэрлэгүүд урсгал засварын ажлаа хуваарийнхаа дагуу хийж байна. Энэ сарын 25 гэхэд бүгд дуусах ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр 50 сургууль, цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна.

Зарим засварын ажил нь өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн. Эдгээр байгууллагын хувьд Нийслэлийн худалдан авах газарт тендер нь зарлагдаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулж ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 50 сургууль, цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна.

Нийслэлийн боловсролын газар нь ашиглагч байгууллага учраас гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын ажилд манай хоёр инженер болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байгаа.

Хэдийгээр зарим барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч байгууллага нь наймдугаар сарын 25 гэхэд бүх ажлаа дуусгах гэрээтэй. Өнөөдрийн байдлаар бүх газрууд гэрээгээ байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж байна. Одоогоор барилгын ажилд хүндрэл гарсан сургууль цэцэрлэг байхгүй.

-Жил бүр эцэг эхчүүдийн санааг зовоож бухимдуулдаг асуудал бол цэцэрлэгийн бүртгэл. Өнгөрсөн хавраас хойш эцэг эхчүүд энэ асуудалд анхаарлаа хандуулсан. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаарх зөвлөмжийг энэ долоо хоногт гаргана. Мэдээж өмнө зохион байгуулдаг байсан уламжлалт аргаар явагдана.

Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 71-72 хувийг нь хамруулах урьдчилсан төлөвлөгөөтэй.

Нэг онцлог нь өмнө нь эрүүл мэнд, эмчийн бичиг зэрэг эцэг эхчүүдэд хүндрэл учруулдаг байсан зүйлийг аль болох чирэгдэлгүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ эцэг эхчүүд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.

Бид бүх хүүхдүүдийг цэцэрлэгтээ хүлээж авч чадахгүй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 69 орчим хувь нь хамрагдаж байсан бол энэ жил 71-72 хувийг нь хамруулах урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Энэ жилээс эхлэн хамран сургах тойрогт хуваагдаж байгаа. Энэ хичээлийн жилээс эхлэн шинээр элсэн орж байгаа хүүхдүүд зөвхөн хамран сургах тойрогтоо явна. Харин өмнө нь тухайн цэцэрлэгт явж байсан хүүхдүүдэд хамран сургах тойрог хамаарахгүй.

Бидний хувьд бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, эцэг эх, багш нарын хамтарсан ажлын хэсэг гарган иргэдэд нээлттэй ил тод байдлаар ажиллана.