Г.Баярсайхан: Иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл газрыг шууд чөлөөлдөг юм билээ
УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.07.25

Г.Баярсайхан: Иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл газрыг шууд чөлөөлдөг юм билээ

УИХ-ын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Энэхүү мэдээллийн дараа БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хаврын чуулганы хугацаанд танай Байнгын хороо хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д оруулж, батлуулсан. Ард түмний нийтлэг эрх ашигтай холбоотой чухал хуулиуд хэр байв?

-Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан төслийг чуулган завсарлахын өмнө баталлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлийн биелэлтийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.

Гэхдээ энэ бол өнгөрсөн оны үндсэн чиглэлийн биелэлт. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Дорноговь аймгийн Улаанбадрахад ажилласан ажлын тайланг, манай Байнгын хороо сонссон. Түүнчлэн Газрын тухай хуультай холбоотой хэлэлцүүлгийг холбогдох салбарын эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагуудын дунд хийсэн.

-Газрын тухай хуулийг Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Яагаад хойшлоод байгаа юм бэ?

-Газрын тухай хууль бол багц төсөл. Тиймээс маш өргөн агуулгатай. Газрын харилцаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой хууль. Тиймээс заавал хаврын чуулганд багтааж батлах гэж яарах шаардлагагүй. Манай байнгын хороо ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэж байгаа гэдгийг хэлмээр байна.

Энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 16 удаа хуралдсан байдаг юм билээ. Хуулийн төсөлд туссан хөдөө аж ахуйн газар буюу бэлчээр, газар тариалангийн газрын эзэмшил, ашиглалтын талаар сайтар ярилцах хэрэгтэй.

-Багц хуулиас газар албадан чөлөөлөхтэй холбоотойг нь Засгийн газар эргүүлэн татсан. Дээрх хуулийн төсөл дахин орж ирэхгүй гэсэн үг үү?

-Энэ хуулийг Барилга хот байгуулалтын яамнаас өргөн барьсан. Газар албадан чөлөөлөх тухай хуулийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцэх явцад гишүүд өөрсдөө байр сууриа илэрхийлсэн.

Нэрнээсээ эхлээд буруу ойлголт өгөхүйц, хүний эрх, өмчид халдаж байгаа гэдэг асуудал гарсан. Тиймээс Засгийн газраас эргүүлэн татсан. Мэдээж хэрэг Монгол Улс нийслэл хотоо хөгжүүлж, барилгажих ёстой.

Газрын тухай багц хуулийг намрын чуулганаар батална.

Газар чөлөөлөхтэй холбоотой иргэн, төр хоёрын хооронд маргаан гарсаар байгаа нь үнэн. Гэхдээ иргэдээ хохироохгүй байх агуулгатайгаар Засгийн газар дахин оруулж ирж, хэлэлцээд явах байх.

Нөгөө талаар Газрын тухай багц хуульд газар чөлөөлөхтэй холбоотой тодорхой заалтуудыг оруулж болно. Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан гадаадын судлаач, мэргэжилтнүүдийн санал, зөвлөгөөг сонссон.

Тэдний хэлсэн саналаас хамгийн оновчтой нь зарим улс оронд тухайн орон нутагт чөлөөлөгдөх гэж байгаа газарт оршин суугчдын 70 гаруй хувь улсаас санал болгож байгаа үнийг зөвшөөрсөн тохиолдолд тус газрыг шууд албадан чөлөөлдөг юм билээ. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тиймээс бид эдгээр туршлагын хамгийн боломжит хувилбарыг хуульдаа тусгаад явах нь зүйтэй.

-Тавдугаар цахилгаан станцын газрын асуудал одоо хүртэл эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Хөлийн голын хөндий гэдэг газар цахилгаан станц барих нь байгаль орчин талаасаа зохицохгүй гэж иргэний хөдөлгөөнийхөн хэлдэг. БОНХЯ-аас танай Байнгын хороонд яг энэ асуудлаар мэдээлэл хийнэ гэж байсан. Дүгнэлт нь юу гэж гарсан бэ?

-Нийслэл хотын цахилгаан, дулааны хангамж хэрэглээнийхээ өсөлтөөс хоцроод олон жил өнгөрсөн. Төвийн эрчим хүчний системийн цахилгааны дөрөвний нэг, дулааны тавны гурвыг дангаараа IV цахилгаан станц хангадаг. Хуучирч, элэгдэж жагсаалтаас гаргах болсон II, III станцтай нийлээд цахилгаан станцуудын нийлбэр хүчин чадал 1585 гигакалори цаг.

Газрын харилцаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой хууль.

Гэтэл 2010 онд дулааны хэрэгцээ 1555 гигакалори цаг болж, үйлдвэрлэх хүчин чадлаасаа давж байсан. Энэ нь урин дулааны улиралд цахилгаан станцууд оргил ачааллаараа ажиллаж, хэрэглэгчдэд цахилгаан түгээж байна. Харин өвлийн ид ачааллаа давах, нөөц боломж бидэнд байна уу гэсэн асуудал бий.

Баянзүрх дүүргийн Хөлийн голын хөндий гэдэг газарт цахилгаан станц барих нь байгаль орчин талаасаа халтай. Тиймээс хувь хүнийхээ зүгээс би тэнд станц барихыг дэмжихгүй байгаа. Гэхдээ холбогдох яам нь байгаль орчны дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна.

-Ноос ноолуурын салбарт ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, бондын мөнгөнөөс хуваарилсан. Үндэсний үйлдвэрлэгчид урамшууллаа авсан уу. Авсан бол ямар компани, хэдий хэмжээний урамшууллыг авав?

-УИХ-аас өнгөрсөн онд тогтоол гаргасан. Үүгээр үндэсний үйлдвэрлэгчид болон мал бүхий иргэдийг дэмжих зорилгоор долоон хувийн хүүтэй бонд гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтийг түргэтгэх зорилгоор Засгийн газарт үүрэг өгсөн.

Засгийн газар ажил хэрэг болгож байгаа байх. Энэ нь арьс шир боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдэд таван жилийн хугацаатай, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн урамшуулал бий. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байгаа.