Газар өмчлөх, түүнд хяналт тавих, хамгаалах чиглэлээр бусад орны туршлагыг сонсов
Газрын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
2013.05.14

Газар өмчлөх, түүнд хяналт тавих, хамгаалах чиглэлээр бусад орны туршлагыг сонсов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран Газрын тухай хуулийн төслөөр тодорхой сэдвийн хүрээнд  хоёр удаа  хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа юм. Харин энэ удаагийн хэлэлцүүлгээр газар өмчлөх, түүнд хяналт тавих, хамгаалах чиглэлээр бусад орны туршлагыг сонслоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар удирдан явуулав.

АНУ-ын Дэ Нэйчэ Консерванси ТББ-ын хуульч, ноён Филипп Табас илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт “АНУ-д газрыг өмчлөх, түүнд хяналт тавих, хамгаалах эрх зүйн орчин” сэдвээр АНУ-ын Дэ Нэйчэ Консерванси ТББ-ын хуульч, ноён Филипп Табас илтгэл тавьж хэлэлцүүллээ.

АНУ-ын хуулиар олгогдсон эд хөрөнгийн үндсэн эрхэд газар өмчлөл ордог бөгөөд хүн амын олонх нь газар өмчилсөн байна. Газар өмчлөх эрхэд “худалдаж авах, эзэмших, тухайн газарт байрлах, хянах, ашиглах, түүнээс ашиг олох, борлуулах, өгөх, солих, өв залгамжлуулах” зэрэг багц эрхүүд хамаардаг байна.

Энэхүү багц эрхийн аль нэг эрхийг дангаар нь, эсвэл хэсэгчлэн бусдад шилжүүлж болох бөгөөд ингэхдээ заавал бичгээр шилжүүлдэг ажээ. Өмчлөх эрхийг шилжүүлэхдээ зах зээлийн болон эдийн засгийн үнэ цэнэ, газрын үндсэн шинж чанар, тухайн орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн татварын системийг харгалзан үздэг гэлээ.

АНУ-ын хуулиар олгогдсон өмч ашиглах эрх нь өмчлөх эрхтэй хамт байдаг байна. Мөн газар нь хувь хүний өмчлөлд байхаас гадна Холбооны, муж улсын, орон нутгийн өмчлөлт байж болдог байна.

Харин төрийн агентлагуудын өмчлөлд байдаг газрыг түрээслэх, түүнчлэн хувь хүмүүст ашиглуулж болдог төдийгүй энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл авч Засгийн газарт нөхөн олговор төлөх бөгөөд газрыг хамгаалах бусад нөхцөлтэйгээр ашигладаг ажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос нийтийн эзэмших талбайг зөвшөөрөлгүй эзэмших тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар тодруулсан.

Түүнчлэн экосистемийг үр ашигтай хамгаалах хөтөлбөрийг ашигтай хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, эдийн засгийн мэдээлэл, иж бүрэн төлөвлөлт, нутгийн иргэдийн оролцоог хангах, хяналтын болон санхүүгийн механизмыг зүй зохистой хангасан байх шаардлагатай байдаг байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос нийтийн эзэмших талбайг зөвшөөрөлгүй эзэмших тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар тодруулсан. Мөн улсаас газрын менежменттэй холбоотой ихээхэн хэмжээний зардал гаргадаг юм байна.

Намгархаг болон устай газрын нөхөн сэргээлт түүний дотоод менежментийн зардлыг улс өөрөө гаргаж өгдөг юм уу, эсвэл энэ зардлаа нөхөж авах ямар нэгэн тогтолцоо байдаг уу гэсэн асуултыг асууж байсан.

Хувийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн газар ч бай тухайн газрын эрхийг зөрчиж хил хязгаарыг давсан, нэвтэрсэн тохиолдолд тухайн үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль эрх зүйн орчин үйлчилдэг. Мөн энэ хүрээнд асуудлыг шийдэх чиглэлээр төвлөрч ажилладаг шүүх байгууллагууд байдаг.

Дотоод менежментыг үр ашигтай явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүдийг тогтвортой хэмжээнд гаргахад санхүүгийн бэрхшээл тулгардаг. Ийм бэрхшээл бидэнд ч тохиолддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд муж болгонд тусгай хамгаалалттай газар нутгийн нарийвчилсан мэдээллийн баазуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Энэхүү нэгдсэн мэдээллийн баазад шаардлагатай байгууллагууд хандаж хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн хариултыг ноён Филипп Табас өгөв.

Хэлэлцүүлэгт оролцогсод төсөлтэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.