Хамгаалалтын бүсэд ороогүй зуслангийн газрыг өмчлүүлнэ
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн уулын 26 аманд дахь зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай захирамжийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан.
Одоогоор ойн сангийн хамгаалалт, цэвэр ус, усан сангийн хамгаалалт, үерийн ам, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ороогүй айл өрхийн тоог гаргах судалгааг эхлүүлжээ. Тооллогын ажил энэ сарын сүүлээр дуусах бөгөөд эндээс газраа өмчлөх боломжтой айлын тоо тодорхой болох юм.
Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.
-Зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай захирамж гарсан. Захирамжаар аль дүүргийн зуслангийн газрыг нь өмчлүүлэх вэ?
-Захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх 26 аманд орших зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон. 2012 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ 26 амыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамруулсан юм. Үүний дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгож болно.
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталснаас хойш эдгээр газарт шинээр зуслангийн газар авсан иргэдэд газрыг нь өмчлүүлэх үү?
зуслангийн газар
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш өмчлүүлэх боломжтой айл өрхийн тооллогын ажлыг эхлүүлсэн. Эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ авсан байх нь хамаагүй. Гол нь эзэмшсэн газар нь ойн сангийн бөгөөд цэвэр ус, усан сангийн хамгаалалт, үерийн ам, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ороогүй байх ёстой.
Тооллогоор үүний нарийвчилсан судалгааг гаргаж, зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ. Нэг үгээр бол хамгаалалтын бүсэд орсон айл, өрх газраа өмчилж авах эрхгүй. Мөн газраа өмчилж авах иргэд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг өмчлүүлнэ гэж байгаа.
Үүнийг тодруулбал, зуслангийн газрын хэмжээнээс хэтэрсэн, зөвшөөрөлгүй хашаа барилга барьсан, зарим нь хуучин пионерийн, нийтийн зуслангууд буюу эзэмшил газаргүй зөвхөн байшингийн сууриар нь эзэмшдэг айлууд бий.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тухайн зам талбайг хэрхэн тусгаж өгснөөр эдгээр айл өрхийн газрын асуудлыг шийдвэрлэнэ. Том газартай айл байвал газар нь багасч болно. Газрын хэмжээ нь тогтоосон хэмжээнээс бага байсан бол томрох боломжтой.
-Тооллогын хугацаа хэзээ дуусах вэ?
-Энэ сарын сүүлээр дуусна.
-Хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийн газрыг хэрхэх вэ?
-Эдгээр өрхөд газрыг нь одоогоор өмчлүүлэхгүй. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтээс хамаарч шийдвэр гаргана.
-Бусад дүүргийн зуслангийн газрыг хэзээнээс өмчлүүлэх вэ?
-Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван дүүрэгт зуслангийн газар бий. Эдгээрт зуслангийн газар одоогоор өмчлүүлэхгүй. Ирэх жилийн төлөвлөгөөнд тусгана. Үүний тулд энэ ондоо багтаан тооллого хийх төлөвлөгөөтэй байгаа.
Албаны хүний хэлснээр ирэх сар гэхэд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх бололтой. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зуслангийн чиглэлийн замыг нөхөн сэргээх, шинээр засах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Үүний нэг нь Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх таван км авто замын ажлыг “Жэй Кэй Си” ХХК гүйцэтгэж байгаа. Тус уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах хоёр төмөр бетон хоолой угсрах ажлыг хийхээр энэ сарын 10-ныг хүртэл замыг хаасан байна.
Ажлын явцад Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын хоёр талаар байрлалтай 40 гаруй айлын хашаа авто замын өргөтгөлийн зурваст орсон тул яаралтай газар чөлөөлөх шаардлагатай болсон байна. Одоогоор энэ ажилд ямар нэгэн саад тулгараагүй байгаа аж.