Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлалаа.
2013.07.22

Фосфоритын ордод хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа

Хүний эрх хөгжил төвийн хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөллийн хүрээнд 2010 оноос эхэлсэн Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хэрэг 3 жил орчим үргэлжилснийг 2013 оны 06-р сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимийн хуралдаанаар амжилттай шийдлээ.

Хэргийн нэхэмжлэгчээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн  иргэн Д.Мягмарчулуун, Ж.Базаррагчаа, О.Даваажав, Т.Даваачулуун нар тэднийг төлөөлөн ХЭХТ-ийн хуульч, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Батхишиг, ХЭХТ-ийн гэрээт өмгөөлөгч, Байгаль хамгаалах хуульчдын холбооны тэргүүн Ш.Жаргалсайхан, Хөвсгөл далайн эко сиcтемийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл далайн эзэд ТББ түүнийг төлөөлж,тус байгууллагын тэргүүн Х.Баярмаа нар хамтран ажиллаа.

Ашигт малтмалын газар хууль зөрчин Талст маргад ХХК-д ашиглалтын 2, хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгосон төдийгүй, тэдгээрийг цуцлах нөхцөл бүрдсээр байхад цуцлахгүй байсан.

Стратегийн орд газрын жагсаалтад орсон энэхүү Бүрэнхааны фосфоритын ордын нутаг дэвсгэрт Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт олон зуун малчин өрх, хэдэн мянган мал бэлчээн амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл Ашигт малтмалын газар хууль зөрчин Талст маргад ХХК-д ашиглалтын 2, хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгосон төдийгүй, тэдгээрийг цуцлах нөхцөл бүрдсээр байхад цуцлахгүй байсан юм.

Бид Талст маргад ХХК-д хууль зөрчин олгосон 11428А,3999А тоот ашиглалтын, 12633Х,12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГ-т даалгах нэхэмжлэлийг шүүхэд 2011 оны 02-р сард гаргасан.

Анхан шатны шүүх хурал 16 орчим удаа хойшилсоор 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Талст маргад ХХК-ийн ашиглалтын 2 лицензийг түдгэлзүүлж, хайгуулын 6 лицензийг цуцлахыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн эсрэг нэхэмжлэгчид давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд дахин гаргасан боловч 2013 оны 4 сарын 29-нд хэлэлцээд дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон юм.

Иймээс нэхэмжлэгчид Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Тус шүүх 2013 оны 6 дугаар сарын 24–ний өдөр хянан хэлэлцээд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олгосныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган тус зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГ-т даалгасан шийдвэр гаргалаа.

Улсын дээд шүүхийн энэ шийдвэрийн ач холбогдлыг нь үнэлж баршгүй бөгөөд үүнээс цөөн хэдийг дурьдвал :

- Орон нутгийн уугуул малчин иргэдийн байгаль орчны эрхийг хамгаалсан,

- Уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьжиргаагаа авч явах эрхийг баталгаажуулсан,

- Уул уурхайн үйл ажиллагаанаас хохирол амсахаас урьдчилан сэргийлэх боломж олгосон,

- Уул уурхайд шахагдан нутаг усаа орхих эрсдэлийг арилгасан,

- Хөвсгөл далай түүний эко системийг хамгаалсан,

- Ашигт малтмалын газрын  хууль бус үйлдлээс үүсэх, засаж болшгүй хор хөнөөлийг таслан зогсоосон зэрэг болно.