Ирэх жилүүдэд нүүрс, төмрийн хүдрийн томоохон долоон уурхай хаагдана
Мэргэжлийн хяналтын газраас гаргасан судалгаагаар эдүгээ 19 аймагт нийт 117 мянган га талбай уул уурхайн олборлолтод өртсөн судалгаа хийсэн.
2012.11.19

Ирэх жилүүдэд нүүрс, төмрийн хүдрийн томоохон долоон уурхай хаагдана

Уул уурхайн салбар сүүлийн 20 жилд хүрээгээ тэлж, олон уурхай нээгдэж буй билээ. Өнгөрсөн онд л гэхэд 16 уурхай нээгдсэн гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн жил техникийн нөхөн сэргээлт 6071.2, биологийн нөхөн сэргээлт 3646.9 га талбайд хийсэн. Харин энэ оны гуравдугаар улирлын байдлаар техникийн нөхөн сэргээлт 5125.19, биологийн нөхөн сэргээлт 3008.56 га талбайд хийжээ.

Өнөөдөр алтны шороон ордуудын нөөц дуусч, хаагдаж эхлээд буй. Гэтэл нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай 5000 га байна. Алтны шороон орд   голдуу   50   метр   хүртэлх   гүн ухагдаж, сунаж тогтсон байгаа юм. Тэгэхээр эхний жил ашигласан газраа шороогоор дүүргэж, нөхөн сэргээх боломжтой. Харин өнөөдөр нээгдэж буй нүүрсний ордууд олон жил ашиглах, 200-600 метр гүн ухах юм.

Ийм гүн нүхийг булж нөхөн сэргээнэ гэдэг бүтэшгүй зүйл тул одооноос яаж, хэрхэн нөхөн сэргээх талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой хэмээн байгаль хамгаалагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, алтны шороон ордын нөхөн сэргээх, хаах эрх зүйн орчин л бүрдсэн аж. Өнөөдөр Төв, Өвөрхангай, Архангай аймагт хаагдсан алтны уурхай олон бий. Харин тэр бүр нөхөн сэргээлт хийгээгүй байдаг. Тухайлбал, Төв аймгийн Заамар. Энд алт олборлож байсан компаниудын тоног төхөөрөмж ашигт малтмалынхаа 50 гаруй хувийг л авдаг байж.

Өвөрхангайн Өлтийн уурхай.

Одоо энэ үлдэгдэл дээр нь нинжа хэмээн нэрлэгдсэн гар аргаар алт олборлогчид найрлаж буй. Мөн Өвөрхангай аймгийн Уянга суманд ажиллаж байсан уурхайнуудын нөөц дууссан ч нөхөн сэргээлт хийлгүй орхижээ.

Ирэх таван жилд алт, төмрийн хүдэр, жонш, барилгын материалын 39 уурхайн нөөц дуусч хаагдах төлөв бий. Өнөөдөр алт, жоншны уурхай голдуу хаагдаж байна. Ирэх жил гэхэд ТЭЗҮ-д нь тусгаснаар хоёр уурхай хаагдах нь. Харин ирэх арван жилд төмрийн хүдэр, нүүрсний томоохон долоон уурхай хаагдах судалгаа гарсан байдаг.

Одоогийн байдлаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн уурхайнууд дунджаар 50-250 метр гүн байна. Ялангуяа, нүүрсний уурхай 300-600 метр гүн болно. Иймд уурхайн хаалт нөхөн сэргээлт хийх шинэ нөхцөл байдал, эрх зүйн орчин тулгарч байгаа юм. Өмнөд Америкийн Аргентин, Боливи, Колумба, Эквадор, Бразил, Чили, Перу улсад уурхайг хаах, нөхөн сэргээлт хийх талаар тусгай хууль журам байдаг аж. Үүнд, ямар ашигт малтмал ашигласнаас нь хамаарч нөхөн сэргээлт арга нь өөр байдаг гэнэ.

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар зэсийн 25, алтны 20, нүүрсний 15 уурхай хаагдсан судалгаа гарчээ.

Эдгээр уурхай хаагдахад нөөц шавхагдсан, олборлолтын зардал өндөр болсон зэрэг шалтгаан нөлөөлсөн байна.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нарийн сухайтын нүүрсний ордод гурван компани уурхай нээн ажиллуулж буй. Тэд тус бүрдээ Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийжээ. Уурхайгаас нүүрс тээвэрлэх авто замын тоосыг уурхай тус бүрээр нь салангид тооцсон алдаа гарсан байна. Уг нь, нэг дор ажиллаж уурхайн тоос, байгаль орчинд яаж нөлөөлөх, нөхөн сэргээлт хэрхэн хийх вэ гэдгийг нь нэгтгэн тооцох ёстой аж. Байгаль орчны үнэлгээг нэг дор ажиллаж буй уурхайнууд тус тусдаа хийсэн нь хууль эрх зүйн орчин нь уялдаагүйтэй холбоотой. Нээлттэй нийгэм форумаас уурхайн хаалтын өнөөгийн байдлын талаар судалгаа хийсэн байдаг.

Энэ судалгаагаар Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн хууль эрх зүйн хүрээнд уурхайн хаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэхэд хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй байна гэж дүгнэсэн аж. Уг нь Ашигт малтмалын хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль гээд манай улсад байгаль орчинтой холбоотой, түүнийг хамгаалах заалттай 30 гаруй хууль бий гэдэг. Мөн уурхайн хаалт хийж, орон нутагт буцаан хүлээлгэн өгсөн газрыг өөр зориулалтаар ашиглах харилцааг зохицуулсан тогтолцоо шаардлагатай ажээ.

Үүнээс гадна уурхай хаагдлаа гэхэд тухайн орон нутгийн иргэдийн амьдрал, эдийн засгийн баталгаа алга. Өөрөөр хэлбэл, тэд цаашид яаж аж амьдралаа аваад явах, ямар хөдөлмөр эрхлэх асуудлыг шийдвэрлэх учиртай. Мөн их гүн уурхайнууд, цацраг идэвхит орд ашиглах, хаалт яаж хийх зохицуулалт дутагдалтай байна.