Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн зүгээс энэ чиглэлээр олон ажил санаачлан хийж байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй уулзлаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хүлээн аваад нэг жил болох гэж байна. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлыг их анхаарч ярьдаг болсон юм шиг санагддаг?
-Үндэсний аюулгүй байдлыг хангах ажил гадаад харилцаанаас эхлээд эдийн засаг, хүрээлэн буй орчин гэхчлэн нийгмийн олон салбарыг хамардаг. Ерөнхийлөгч бүхий л уйл ажиллагаандаа үндэс-ний нийтлэг эрх ашиг, аюулгүй байдлыг хангах зарчмыг дээдлэн хэрэгжүүлэх учиртай. Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдал гэж их ярьдаг боллоо гэсэн яриа сонсч байсан. Энэ чинь Ерөнхийлөгчид хуулиар оноосон чиг үүрэг шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд аюулгүй байдлын асуудалд хамгийн их санаа тавьж ажиллах үүрэгтэй. Манайд харин ч нэг хэсэг энэ чухал асуудлыг нэлээд орхигдуулж ир-сэн. Үндэсний аюулгүй байдлыг хангах ажлыг хэрэгжүүлэхэд хам-гийн чухал үүрэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нарийн бичгийн дарга байхгүй жил гаруй болж байсан түүх ч бий. Өнөөдөр гадаад, дотоод орчин хурдтай өөрчлөгдөж, Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хангах асуудалд нухацтай хандахаас өөр аргагүй цаг үе ирж байна. Цаашид аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, байгууллага хоорондын харилцан уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдүүлэх гээд олон ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ бүхэнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хамтын ажиллагаа нэн чухал юм.
-Ерөнхийлөгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг түр зогсоох шийдвэр гаргасан нь олон хүний ашиг сонирхлыг хөндөж, нэлээд бухимдал үүсгэх шиг болсон?
-Тийм ээ, энэ асуудал олон хүний ашиг сонирхлыг хөндөж, тэр хэмжээгээрээ цөөнгүй хүмүүст бухимдал үүсгэсэн байх. Гэхдээ Ерөнхийлөгч нэг хэсэг хүний бус, нийтийн эрх ашиг, тодруулж хэлбэл үндэсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагын улмаас хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд ийм шийдвэр гаргасан. Өнөөдөр дэлхий даяар эрчим хүч, байгалийн нөөц баялгийн төлөөх өрсөлдөөн эрчимжиж, энэ нь манай газрын доорх баялгийг үнэд оруулах, Монгол Улсыг гадаад, дотоодын бизнес, улс төрийн өрсөлдөөний талбар болгох нөхцлийг буй болгож байна. Энэ бол угтаа манай эдийн засгийн аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхийн асуудалтай хүртэл холбоотой маш эмзэг, чухал асуудал. Өмнөговь, Дорноговь аймгийн газар нутгийн 45-50 хувь нь тусгай зөвшөөрөлтэй газар нутагт хамрагдах болсон ноцтой баримт байна. Тусгай зөвшөөрлийн ард орон нутгийн иргэдийн амьдралд тустай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөнх байгаа шүү дээ. Зөвхөн хэдэн төгрөгийн ашгийн төлөө rapдамжуулан худалдаалж, цаагуураа олон зүй бус үйлдлийг өөгшүүлж байгаа явдал хаа сайгүй байна. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон. Иргэд Ерөнхийлөгчийн шийдвэрийг ихээхэн дэмжсэн. Тусгай зөвшөөрлийг цэгцлэх тухай асуудал удахгүй УИХ-аар шийдэгдэх байх.
-Агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн асуудал гээд монгол хүн аюулгүй амьдрах нөхцөл улам л доройтоод байх шиг.
-Бид үнэхээр ийм л нөхцөлд амьдарч байна. Амьдарч байгаа орчноо өөд татах, хүнсний эрүүл ахуйн баталгааг хангах, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих бодлого, бодитой үйл ажиллагаа чухал ерөнхийлөгчийн зүгээс энэ чиглэлээр олон ажил санаачлан хийж байна. Тухайлбал байгаль орчныг хамгаалах асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах, иргэдээ татан оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Саяхан Ерөнхийлөгчийн санаачилсан хүн бүр нэг мод тарих хөдөлгөөн олон нийтийн дэмжлэгийг хүлээж, одоо ч үргэлжилж байна. Цаашид ч хэвшил болж үргэлжилнэ. Мөн газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлд Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс мөн иргэд, залуу үеийн бие бялдрын хөгжил, эрүүл амьдрах, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг сайжруулах тухай зарлиг гарган хэрэгжүүлэлтэд нь анхаарч ажиллаж байна. Үүний нөгөө талд төрөөс гарч байгаа бодлого, шийдвэр бүхэн хүний амьдрах нөхцлийг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангах нөхцлийг нэн түрүүн харгалзсан байх учиртай. Жишээ хэлэхэд хүнсний хангамжийг сайжруулах бодлого нөгөө талдаа хүнсний эрүүл ахуйн баталгааг хангах нөхцлийг бүрдүүлээгүй л бол байдлыг улам дордуулна л гэсэн үг. Иймээс УИХ-аас гарч байгаа хууль, Засгийн газраас гарч байгаа шийдвэр бүгд л энэ бүх нөхцлийг хангаж байх нь чухал. Мөн иргэдийн энэ талаарх мэдлэг, эрхээ хамгаалах идэвх чармайлт, оролцоо нэн чухал үүрэгтэй.
-Энэ бүх уялдаа холбоог хангах механизм аль хэр ажиллаж байна вэ?
-Энэ механизмыг сайжруулах асуудал үнэхээр чухал байна.Ажлын уялдаа холбоо муугаас болоод нэг байгууллага хүчин чармайлт тавиад нэг асуудлыг шийдтэл нөгөө галд нь өөр байгууллага, хүмүүс түүнд нь сөрөг нөлөө үзүүлэх ажлыг цаг, зардал гаргаад хийчихсэн явж байдаг. Энэ нь сүүлдээ асуудлыг улс төржүүлэх, талцах явдалд ч хүргэж байна. Үүнийг засч залруулахын тулд бидэнд юуны өмнө аюулгүй байдалд хандах нэгдмэл байр суурь, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх боловсронгуй механизм хэрэгтэй байна. Энэ үүднээс Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард зарлиг гаргаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа үзэл баримтлал 16 жилийн өмнө батлагдсан. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдөж, тулгамдсан олон шинэ асуудал буй болж, үүний нөгөө талд аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа энэ өөрчлөлтөөс хоцорч байна.
-Үзэл баримтлал шинэчлэгдсэнээр ямар дэвшил гарах вэ?
-Шинэ орчин нөхцөлд үндэсний аюулгүй байдалд ямар бэрхшээл, сорилт тулгарч байгаа, түүнийг ямар арга замаар шийдвэрлэх вэ гэдэг асуудалд цогц байдлаар ха-риулт өгөх нь төсөл боловсруулах ажлын хэсгийн өмнө тавигдсан хамгийн гол зорилт байлаа. Маш олон хүний хүч хөдөлмөр, санаа бодол шингэж, цаг хугацаа зар-цуулж бүтсэн энэ үзэл баримтлалын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, улам сайжирч батлагдана гэдэгт итгэж байна. Үүний дараа УИХ-аас эхлээд төрийн бүх шатны байгууллагууд бодлого үйл ажиллагаагаа энэхүү үзэл баримтлалын агуулгад нийцүүлж уялдуулан зохицуулбал үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа шинэ түвшинд гарах боломж бүрдэнэ. Гол нь энэ бүхнийг хийх, хэрэгжүүлэх эрмэлзэл хамгийн чухал. Тийм эрмэлзэл, хүчин чармайлтгүйгээр ямар ч сайхан бодлого, хууль цаасан дээр л үлдэнэ шүү дээ.
-Боловсруулах ажил одоо ямар түвшинд явж байна?
-Ажлын хэсэг боловсруулсан төсөл дээрээ төрийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, төрийн ахмад зүтгэлтнүүдийн өргөн хүрээтэй саналыг авч тусгах ажил хийгдэж дуусч байна. Удахгүй Ерөнхийлөгч төслийг УИХ-д өргөн барина. УИХ-аар Тавантолгой, Төмөр замын асуудлуудаар төрөөс баримтлах бодлого, сонгуулийн хууль гээд олон чухал асуудлууд хэлэлцэгдэж байна. Сонгууль ойртох тусам улс төржих уур амьсгал нэмэгддэг нь нууц бус, иймээс УИХ энэ чухал баримт бичгийг аль болох эрт хэлэлцэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад Ерөнхийлөгчийн дотооддоо төдийгүй гадаадад явуулах үйл ажиллагаа чухал гэж бодож байна. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байна?
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гадаад орчноос мэдээж ихээхэн хамааралтай. Сүүлийн үед манай аюулгүй байдал, хөгжил дэвшилд шууд нөлөөтэй их гүрнүүдийн дотоод, гадаад байдал, хоорондын харилцаа, хүчний тэнцвэрт ихээхэн өөрчлөлт гарч байна.Үүнийг тогтворжуулж байх чухал хүчин зүйл болох олон талын хамтын ажиллагаа Зүүн хойд Азид дутагдалтай байна. Энэ нь бидний өмнөх хариуцлага, цаашид тулгарч болзошгүй бэрхшээл нэмэгдэж байна гэсэн үг.Ийм нөхцөлд гадаад харил-цаанд уламжлалт бодлогыг хадгалж хөгжүүлэхийн зэрэгцээ жижиг орон гэж хойш суулгүй олон улсын тавцанд өөрийгөө таниулж, тодорхой чиглэлээр өөрийн манлайлал буй болгож, идэвхтэй ажиллах явдал чухал. Ерөнхийлөгч энэ чиглэлд ихээхэн анхаарч, өөрт байгаа нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хоёр жишээ хэлье. Цаазаар авах ялыг хориглох санаачлага гаргасан нь дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд хүний эрхийг хангах хүчин чармайлтыг дэмжсэн том алхам болж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад ихээхэн өргөсөн. Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар Давосын "Дэлхийн эдийн засгийн форум" байгууллагатай хамтран эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах олон улсын загвар гэрээ буй болгох асуудлаар маш чухал хурал хийх гэж байна. Ийм гэрээ буй болгох санаачилгыг Ерөнхийлөгч өнгөрсөн жил Давосын уулзалтад оролцох үеэрээ гаргасныг олон улсын хэмжээнд дамжиж байна. Уул уурхайн салбараа түшиглэн хөгжиж байгаа манай орны хувьд олон улсын ийм гэрээ буй болох нь олон талын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаар энэ бол манай улс олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй нэгэн чухал хувь нэмэр болох юм.
М.ДАРЬСҮРЭН