Шадар сайд Д.Тэрбишдагва ОБЕГ-т ажиллалаа.
2013.07.19

Улсын онцгой комисс шүлхий өвчний асуудлаар хуралдана

Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр ОБЕГ-т ажиллаж, даргын зөвлөлийн хуралд оролцон энэ оны эхний хагас жилийн ажил, үйл ажиллагаатай нь танилцав. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар видео хурал хийж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, гамшгийн цаг үеийн байдлын тухай мэдээлэл өглөө.

Тус аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран гол мөрөн дагуу нутаглаж буй 28 өрхийн иргэдийг аврах хантаазаар хангаад байгаа ч гол мөрөн ихтэй сумын иргэд усанд осолдох эрсдэл тохиоход аврах багаж хэрэгсэл, завь дутагдалтай байгаа гэв.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, аврах багаж хэрэгсэл, завиар хангахад анхаарал хандуулна. Зун, намрын улиралд иргэд загасчлах, самар жимс түүхээр явахдаа гол ус гаталж осолдох, ой, хээрийн түймэр гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх”-ийг үүрэг болголоо.

ОБЕГ гол мөрний дагуу суурьшиж буй сум, суурингийн иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулж, энэ тухай зөвлөмжийг том голуудын дагуу байрлуулаад байгаа аж.

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, аврах багаж хэрэгсэл, завиар хангахад анхаарал хандуулна.

Мөн энэ үеэр Шадар сайд Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчний байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл авч, өвчний тархалтыг зогсоох, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хорио цээрийн дэглэмийг чангатгах үүрэг өгч, энэ асуудлаар Улсын онцгой комиссыг хуралдуулна гэв.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын байгууллагын албан хаагчид энэ оны эхний хагас жилд 1452 хүний амь нас, 181.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх хор уршгийг арилгах ажилд 348.1 сая төгрөг зарцуулжээ.

Энэ хугацаанд улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 2587 тохиолдол бүртгэгдэж 115 хүн гэмтэж бэртэн, 79 хүн амь насаа алдаж, 232 мянга гаруй толгой мал хорогдож, 1146 гэр, орон сууц шатан, 10.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.