Дархадын хотгорт цөлжилт хурдтай явагдаж байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Дархадын хотгорт хурдтай явагдаж буй цөлжилтийг зогсоох, ширгэж буй нуурыг хамгаалах, сэргээх чиглэлээр Үндэсний хөтөлбөрийн хэмжээнд хөтөлбөр боловсруулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Манай орны цөлжилт гамшгийн хэмжээнд хүрчихсэн талаар судлаачид аль эрт хэлсээр байхад дорвитой арга авахгүй байсаар элс гэж мэдэхгүй шахам байсан Дархадын хотгорт өндөр өндөр элсэн манхнууд бий болжээ . Нэгэнт ийм хэмжээнд хүрсэн цөлжилтийг бид зогсоохоосоо өнгөрсөн. Тэр тусмаа өмнөд хөршийн хуурай цөл манайх руу түрэн, давшин орж ирж буй талаар зарим эрдэмтэд хэлдэг.
Үүний хажуугаар төвөөсөө гадагшлах хэлбэр зэрэг явагдаж байгаа манай орны хувьд цөлжилтийг зогсоох нь битгий хэл цөлжилтийг саармагжуулахад ч хүндрэлтэй болчихоод байна. Тухайлбал, хангайн бүсийн гол хэсэг, Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Дархадын хотгор элсжиж эхлээд байгаа нь Монголын цөлжилт гамшгийн хэмжээнд очсоныг харуулна. Мэдээж үүний шалтгаан нь дэлхийн уур амьсгалын дулаарлаас гадна хүний буруутай үйл ажиллагаа.Энэ тухай бид бараг л улиг болтол ярьж, бичиж байгаа ч дахин дахин ярихаас өөр арга алга хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.
Байгалийн тэнцвэрт байдал хурдтай алдагдаж байгааг тус сумын засаг дарга УИХ-ын гишүүндээ танилцууллаа
Дархадын хотгор 300 гаруй том, жижиг нууртай, араатан жигүүртэн элбэгтэй, хэн бүхний хараа булааж сэтгэл татсан сайхан нутаг гэж Монгол хүн бүр мэддэг, мэддэггүй нь сонсож дуулж байсан. Гэтэл өнөөдөр 20 орчим нуур ширгэж, цөлжилт явагдах гол үндэс болжээ. Эдгээр нуурын хамгийн томд тооцогдох Цойцон нуур ширгэснээр байгалийн тэнцвэрт байдал илүү хурдтай алдагдаж байгааг тус сумын засаг дарга УИХ-ын гишүүндээ танилцууллаа.
Байгалиа цөлмөж, байгалийн нөөцийг шавхагдашгүй мэт ашиглаж, хүнийх мэт хандаж байгаа нь эмгэнэлтэй. Ой модыг хайр найргүй огтолж, түлшний хэрэглээ замбараагаа алдсан. Ялан гуяа голын эхэнд байгаа моддыг огтолсноос олон гол горхи ширгэхэд хүрсэн. Бас нэг шалтгаан нь бэлчээрийн хомсдол. Монгол малын тоо толгой 40 сая давж, бэлчээр их хэмжээгээр талхлагдаж буй нь манай газар нутаг цөлжих үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс үүдэн сүүлийн 40 жилийн дотор манай орны бэлчээрийн ургамлын гарц 25 хувиар буурсан гэсэн тооцоо бий. Дээр нь уул уурхайн салбарын хөгжлийн буянаар нинжа нарын хөлд 77 сумын 1000 гаруй га газар өртөн, нөхөн сэргээгдээгүй 17000 га газар үлджээ.