Япон Монголын харилцааг шинэ түвшинд гаргана гэв
Монгол Японы харилцаа аль мянган жилийн түүхтэй ажээ. Өчигдөр энэ тухай Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Такенори Шимизу “Монгол Японы эдийн засгийн харилцааны талаар сонирхолтой илтгэлийг Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдэд тавьсан юм.
Мэдээж мянган жилийн өмнө дайтах зорилгоор Монгол улс 1274-1281 онуудад Хубилай хааны цэргүүд Япон улс руу дайрч байсан ч эзэлж чадаагүй гэдэг.
Үүнээс хойш Ардчилсан хувьсгал ялтал төдийлөн сайн харилцаатай байсангүй. Харин сүүлийн хорин жил стратегийн түншүүд болж чаджээ. Япон улс Монголын ардчилалд тусалж байсан бөгөөд үүнд хүндтэй үүрэг биелүүлсэн байна.
Мөн энэ ч утгаараа Япон улсын хамгийн их тусалсан улс нь Монгол аж. Тухайлбал тус улс манайд мэдээлэл харилцааны төв байгуулж, дунд сургуулиудын орчинг сайжруулж, сургуулийн тоог нэмэгдүүлэхэд асар их тусламж үзүүлжээ. Энэ бүхэн нь буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдсэн байна.
Одоогийн байдлаар Япон улсад 1000 монгол оюутан суралцдаг юм. Үндэсний хэмжээнд болон орон нутгийн хөгжлийн түвшинд бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлж ирсэн нь Япон улс манай улсад ямар их найрсаг байдлаар ханддаг нь илт. Нийтдээ 105 тэрбум иений буцалтгүй тусламж, 77 тэрбум иен хөнгөлөлттэй зээл олгожээ.
Харин энэ онд Монгол улсад гурван чиглэлээр туслах бөгөөд цаашдаа буцалтгүй бус, харилцан ашигтай байдлаар хамтрана хэмээн элчин сайд Такенори Шимизу илтгэлдээ дурдав.
Энэ ч аргагүй. Манай улс эдийн засгийн хувьд биеэ дааж, харьцангүй хөгжиж буй учраас дандаа туслалцаа авах бус, харилцан ашигтай байх зарчмыг барих нь дамжиггүй юм.
Тиймээс энэ онд Япон улс бидэнд гурван чиглэлээр туслах ажээ. Энэ бол сүүлчийн тусламж гэж хэлж болно.
- Засаглал, уул уурхайн тогтвортой хөгжил
- Хүртээмжтэй өсөлтийг хангах
- Улаанбаатар хотын тохижилт
Хоёр улсын эдийн засгийн харилцаа цаашид улам өргөжин тэлэхийн тулд гадаад худалдаа, бизнесийн орчны тал дээр хамтрах хэрэгтэй.
Өнгөрсөн жил Япон, Монголын бизнесменүүд уулзсан бөгөөд худалдаа, бизнесийн тал дээр сэтгэл дундуур буйгаа хоёр тал хүлээн зөвшөөрчээ. Тиймээс харилцааг шинэ шатанд гаргах үүднээс хууль эрх зүй, бодлогын хүрээнд нөлөөлөх шаардлагатай хэмээв.