Монгол хүн л юм бол эх орондоо үлдээх долларын төлөө тэмцэх ёстой
"Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер М.Даваасүрэн
2013.06.24

Монгол хүн л юм бол эх орондоо үлдээх долларын төлөө тэмцэх ёстой

Төмрийн хүдрийн нөөцтэй орны хувьд төмрөөр хийгдэх олон бүтээгдэхүүн, эд анги, сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Чухам манай сайт энэ хөгжлийн талаар олон талын байр суурь, санал санаачилгыг сурвалжилж, уншигч та бүхнийгээ экспертүүдтэй уулзуулж байна. Энэ удаагийн зочноор "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер М.Даваасүрэн оролцож байна.

-Манай улсад хэрэгцээтэй байгаа нийт сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 10 орчим хувийг бид дотооддоо үйлдвэрлэж байна. Нөөц бололцоогоо нэмэгдүүлж импортоор гадагшаа урсч байгаа валютыг хэрхэн дотооддоо үлдээх вэ?

Монгол улс хөгжихийн тулд хамгийн эхлээд металлург, хоёрт машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн асуудлыг ярих ёстой. Энэ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд жилдээ нийт 700 сая тонн төмөр хийцийг металлургт боловсруулаад машин үйлдвэрлэлийг хангаж байна. Энэ бол агуу тоо.

Манай улс машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд анхаарвал хүнс хөдөө аж ахуй, бусад үйлдвэрлэл дагаад л хөгжинө. Хүнсний тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг бүгд л импортоор авч байгаа шүү дээ. Яахав дотооддоо үйлдвэрлэдэг хэд хэдэн газрууд байна. Юм хийхийн тулд түүнийг хийх ажлын багаж төхөөрөмж байх ёстой шүү дээ. Тэрийгээ өөрсдөө үйлдвэрлэдэг байх нь маш чухал.

-Металлургийн маш олон төмрүүдийг үйлдвэрлэж чадаж байна гэдэг нь тухайн орны хөгжлийг маш хурдацтай болгодог. Тиймээс төмрийн хүдрийг олборлоод хайлуулаад, улсынхаа хэмжээнд хөгжлийн дараачийн шатанд хүргэнэ гэсэн үг биз дээ?

Манайд боломж бий. Манай улсын хүдрийн нөөц 800 сая тоннын илэрц байгаа. Зөвхөн Дарханы Төмөрлөгийн ордод 300 сая тн илэрсэн. Үүнийг жилдээ нэг сая тонныг л ашиглана гэвэл олон жил хэрэглэх нөөц харагдаж байна. Зөвхөн олборлоод бэлдэц, баяжмал болгоод гаргаад байх уу? Эсвэл машин үйлдвэрлэлд ашиглах уу гэдгээ тооцох хэрэгтэй. Наад зах нь халбага сэрээгээ хийж чадахгүй байж, үсрэнгүй хөгжил рүү зүтгээд байгаа. Халбагыг хийхэд гурван л үйлдэл хэрэгтэй.

Монгол хүний оюуны потенциал маш өндөр. Дэлхийн мундаг хүмүүсийн удам угсааг судлахаар монгол генд их ойрхон гэсэн судалгаа бий. Гол нь машин үйлдвэрлэх боломжийг нь төр нь хангаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр Япон, Солонгос улс төрийн зөв бодлогоор л өндөр хөгжиж чадсан.  

Яахав, эхний удаад чанаргүй хийж болно. Дараа нь сайжруулаад явна шүү дээ. Энэ бодлогыг л төр барих ёстой. Тухайн улс орны хөгжлийг юу хийж, бүтээж буйгаар дүгнэдэг.

-Аж үйлдвэрийн цогцолбор барихаар төлөвлөж байгааг та юу гэж бодож байна вэ. Үүнийг хэрхэн чанартай хийх вэ?

Манайх шиг оронд ганцхан аж үйлдвэрийн цогцолбор л хэрэгтэй. Агуу том хоёр гүрний дунд байгаа улсын хувьд тэдний эдийн засагтай холбогдож байж л хөгжинө. Үүний тулд дотооддоо энэ хоёртой өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой.

Өнөөдөр манай компани дээр хадаас үйлдвэрлэж байна. Хүмүүсийн сэтгэл яагаад үүнд хөдлөхгүй байгаа юм бэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна.

-Төрийн дэмжлэг гэж их ярьдаг. Чухам ямар дэмжлэг, бодит болж чадах вэ?

Чадалтай, толгой компаниудаа дэмжвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Мөн монголдоо бүхнийг үйлдвэрлэхийн тулд инженерүүдийнхээ толгойг ашиглаж, салбараа хөгжүүлэх боломжтой.

-Та жишээ нь яг ямар зүйл зохион бүтээсэн бэ?

Манайх есөн үйлдвэртэй. 27 давхар байшин барьсан. 100 давхарыг ч барих боломжтой. Монгол хүний чадвар нь бүх зүйлийн богино хугацаанд сурч чаддагт оршдог.

Юм хийвэл эцсээ хүртэл явж чаддаг. Үүнийг нь төр дэмжих хэрэгтэй. Тэгэхээр цогцолбороо хурдан барих хэрэгтэй. Түүнчлэн УБ-т 12 хүний цех байгуулаад хадаасныхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Дарханаас бэлдэцээ аваад улсынхаа нийт хэрэгцээг хангана. 

Үүнээс гадна улсынхаа дөрвөн бүсэд дөрвөн төрлийн үйлдвэр байгуулах боломжтой.

Нэг бүс нь цул төмөр, лист төмөр үйлдвэрлээд хөгжүүлэх боломжтой. Тиймээс хамгийн түрүүнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ, хандлагыг хаа хаанаа суулгах ёстой. Монгол хүн л юм бол, эх орондоо үлдээх тэр долларын төлөө тэмцэх ёстой.