Л.Чулуунбат: Төр нь ард түмэндээ итгэх хэрэгтэй
ХААИС-ийн Инженерийн сургуулийн Механикийн тэнхимийн багш, профессор Л.Чулуунбаттай дотоодын сэлбэг, эд анги үйлдвэрлэлийг сайжруулах саналын талаар ярилцлаа.
-Импортын сэлбэг хэрэгслийг гаднаас 88 хувьтай авч, 12 хувийг нь л дотооддоо үйлдвэрлэж байгааг яаж өөрчлөх вэ?
Дотооддоо үйлдвэрлэж болох зүйлийг гаднаас авахыг хориглох хэрэгтэй. Энэ үйлдвэрлэлийг дэмжихийн тулд машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой.
Бидэнд асар өнөөдөр асар их нөөц боломж байна. Гэтэл ашиглаж чадахгүй байна. Төрийн бодлогын хараа байхгүйгээс өнөөдөр бид ийм байдалтай байна. Уг нь манай улсад металл боловсруулдаг бага ч гэсэн хүчин чадалтай завод байна шүү дээ.
-Дэлхий дээр төмөр, төмрийн хүдэр саяхныг хүртэл тийм үнэтэй зүйл байсангүй. Одоо л үнэд орж байна. Гэтэл манай улс төмрийн хүдрийн нөөц багатай учраас хамаагүй гаргаад байж болохгүй.
Дэлхий нийт металлынхаа 80 хувийг ашиглачихсан учраас хүдэр алтны дараа орохоор үнэ цэнэтэй болж байна. Үлдсэн 20 хувь нь дараагийн ирээдүйд маань хүрэлцэх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр бид энэ салбараа хөгжүүлж, өөрсдөө юмаа үйлдвэрлэх нь хамгийн чухал.
-Импортоос аваад л байвал маш их хэмжээний мөнгө урсгаж байна гэсэн үг шүү дээ. Дотоодод маань үүнийг нөхөх ямар нөөц бололцоо байна вэ?
Манай монголын зах зээл бага, тэрийг хангаж чадах металлаа боловсруулах хэрэгтэй. Тэр боломж байна. Эрдэнэтэд сайн чанарын ган үйлдвэрлэл байна. Дарханд бас бий. Хөтөлд бүхэл бүтэн 1,5 тн ган хайлуулах хүчин чадалтай үйлдвэр байхад тэрийг ашиглахгүй байна.
Зүгээр байлгасаар бараг 20-иод жил тэнд хэвтэж байна. Өөрсдөө
ХААИС-ийн Инженерийн сургуулийн Механикийн тэнхим
металлаа боловсруулаад эхэлвэл доктор Ө.Ганбат шиг хүмүүсээр хийцийг нь хийлгээд, байгаа зүйлсийг чанаржуулаад техник эд анги хийх боломжтой.
Өөрийнхөө бололцоон дээр түшиглээд туршлага хуримтлуулаад хийх боломжтой. бид бусдаас туршлага хуримтуулж байгаа ч, өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаа болохоор онцгүй байна. Түүнээс биш аль хэдийнэ бий болчихсон, хүмүүс бүтээчихсэн машиныг дахин эхнээс эхэлж хийх гэж оролдох нь ашиггүй.
Металлын хайлшийг бид дахиж шинээр гаргах шаардлагагүй, найрлага хийцийг нь оновчтой болгож сайжруулах талаар судалж, докторуудаа ашиглах хэрэгтэй.
Эдгээр зүйлсээ хийгээд ирэхээр үндсэн эд ангиудаа гаднаас аваад хийцийг нь өөрсдийн онцлог нөхцөлд тааруулаад хийх боломжтой.
Ийм маягаар манай улсад судалгаа шинжилгээний ажил их хөгжиж байгаа.
-Харин бид одоо яах вэ?
Бид энэ туршилт судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, бизнес болгох асуудал байгаа. Үйлдвэрлэгчид эрдэмтдийг хүлээгээд байгаа. Эрдэмтэд нь хүссэн металлаа гаргаж авч чадахгүй байгаа юм.
-Хөтөлд хүчин чадал сайтай үйлдвэр байгаа ч одоо засгийн газар аж үйлдвэрийн цогцолбор шинээр барих судалж байгаа шүү дээ. Байгаа нөөцөө ашиглахгүй, шинэ зүйл рүү зүтгэж байгаа мэт харагдаж байна?
Социализмын үед металл боловсруулах үйлдвэрийн суурь байсныг устгачихсан.
Суурь нь хэдэн газар үлдсэн ч тэдний ажлыг бизнесменүүд булааж, тендер авч гаднаас импортоор бараг Хятадаас хямдхан оруулж ирээд, үйлдвэржилтийг унагаад байгаа юм. Чанартай муутай зүйл л орж ирж байна. Иймэрхүү бодлого аль ч салбарт байгааг хэлэх хэрэгтэй.
Гэтэл бид 1990 ээд оны үед Баянчандманын засварын газар трактор угсарч байна. Тэр үеэс л идэвхтэй дэмжиж хөгжүүлсэн бол одоо хөдөө аж ахуйн үйлдвэрт олон трактор угсардаг үйлдвэр байх байсан. Гэтэл тухайн үед хөдөө аж ахуйн яамнаас тендер зарлаад Хятадаас трактор оруулж ирээд, инженерүүдийн урмыг хугалсан.
Ингэж л Монголд ажлын байр бий болгох, инженерийн техник сэтгэлгээг хөгжүүлэх бодлого алдагдуулж байгаа байхгүй юу.
Би олон орноор явж судалгаа хийсэн. Эндээс харж байхад нийгэмд хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол машин үйлдвэрлэлийн салбар.
-Яагаад Япон, Солонгос азийн шилдгүүд болж хөгжиж чадав аа?
Хүн төрөлхтөн хөгжлийн тухай их ярьдаг. Гэтэл Солонгос 30-40 жилийн дотор буюу хүний нэг насны дотор дэлхийн топ хорид орсон. Одоо 13 дугаар байрнаас 10-д орж чадлаа. Тэд өөрсдөө машин үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан. Тэд яаж чадсан юм бэ гэвэл ерөөсөө л төр нь ард түмэндээ итгэсэн хэрэг.
Ард түмэндээ итгэсэн учраас дэлхийн хэмжээнд хөгжиж чадсан. Ард түмэнд боломж олговол тэд сэтгэж чадна. Түүнээс биш удирдлага сэтгэхгүй.
Удирдлага сайн байвал баяр хөөр инээд байдаг, удирдлага муу байвал ерөөсөө л уналт ирдэг.
Одоо металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хэрэгцээ шаардлага нь хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт үүсдэг. Учир нь эдгээр салбар байнга газар шороотой харьцдаг учраас техникийн элэгдэл хорогдол их үүсдэг.
Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд судалгаа, сургалт, үйлдвэрлэл гэсэн шат дараатай явж хөгждөг. Байнга бие биеэ нөхөж байх хэрэгтэй.
Гэтэл манай орон доод сууриа харалгүй, үсрээд хөгжих гээд байна. Гэнэт бэлэн мөнгөтэй болчихсон чинь шууд л гаднаас бэлнээр аваад байгаа юм. Чанартай хөгжүүлье гэвэл доод сууриа харж, судалгааг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй юм. Судалгааг дэмжвэл үйлдвэрлэл бас хөгжинө.